Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2024-05-03 07:27:40

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2024.05.03/ хуралдан Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хотууд нь хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчноо тохижуулах, авто замын түгжрэл, хог хаягдал, орчны бохирдлыг шийдвэрлэхэд иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн Ногоон хөгжлийн сантай байх аж. Хот байгуулах тухай УИХ-ын тогтоолын төсөлд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хот хөдөөгийн сэргэлтийн бодлогод нийцүүлэн Дархан, Эрдэнэт, Зуунмод, Шинэ Хархорин, Налайх, Багануур гэсэн улсын зэрэглэлтэй зургаа, орон нутгийн зэрэглэлтэй 34, дагуул 4 хотыг байгуулж бие даан хөгжүүлэхээр төлөвлөжээ.

9 дүүрэг 204 хороотой. Нийслэл Улаанбаатар хотыг 14 хот, 42 хороотойгоор шинэчлэн зохион байгуулж, 214 Засаг даргатай байсныг 4 дахин цөөрүүлэхээр тооцсон байна. Ингэснээр чиг үүргийн төвлөрөл буурч хотын оршин суугч амьдарч байгаа газраасаа 20 минутын газарт сургууль, цэцэрлэг, эмнэлэг, нийтийн тээврийн үйлчилгээний буудал, цэцэрлэгт хүрээлэн, худалдаа үйлчилгээний болон бусад нийгмийн үйлчилгээг авч байхаар “20 минутын хот” стандарт төлөвлөлтийн концепцыг хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаа хэмээн танилцуулав. “20 минутын хот” стандарт хэрэгжсэнээр иргэдийн төрийн үйлчилгээг авах, амьдрах орчноо сайжруулах илүү боломж бүрдэнэ гэж үзэж байгаа аж.


Шинэ Зуунмод хотын эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх, бие даан хөгжих баталгаагаар хангах нь төр, нийслэл хот, Төв аймгийн үүрэг байх бөгөөд төрөөс бүтээн байгуулалтын явцад татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх, улсын төсөвт дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг тусгаж батлах, төрийн байгууллагыг нүүлгэн шилжүүлэх гэх мэт дэмжлэг үзүүлэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан аж. Мөн хот нь төсөвтөө байх тухайн хот дахь татварын орлогын 80 хувийг шинэ Зуунмод хотод, 20 хувийг нийслэл, Төв аймагт хуваарилж зарцуулахаар заасан байна. Хууль батлагдсанаар дагуул хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хүрээнд хөрөнгө оруулалт, татварын таатай орчныг бий болгох,, шинээр ажлын байр бий болгож, ДНБ болон гадаад, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх, тээвэр ложистикийн нэгдсэн төвийг байгуулж хөгжүүлснээр орон нутгийн болон бус бүсийн цаашлаад олон улсын логистикийг сайжруулна гэж үзэж буй юм байна. Орон сууцжуулах төсөл хэрэгжүүлж, орон сууцын хангамж нэмэгдэж нийслэлээс иргэд шилжин суурьших, төрийн байгууллага, их дээд сургууль, коллеж, шинжлэх ухааны байгууллагуудыг нүүлгэх нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн тооцсон байна. Бүс нутгийн тэнцвэртэй байдлын хөгжлийг хангах бодлогын хүрээнд шинэ Зуунмод дагуул хоттой Төв аймаг нь эдийн засгийн интеграцид нэгдэж тогтвортой хөгжих нөхцөл бүрдэнэ хэмээн танилцуулсан юм.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ