СЕХ: Одоогоор 17 мянган сонгогч шилжилт хөдөлгөөний мэдээллээ шалгаж байгаа нь хангалтгүй үзүүлэлт
НийгэмМонгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл иргэний шилжилт хөдөлгөөн зогссон. Зарим улс төрийн нам, улстөрч олон мянган сонгогчийг зорилготойгоор шилжүүлсэн гэх мэдээллийг олон нийтэд өгсөн. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хороонд ямар нэгэн албан бичиг, шаардлага ирээгүй. Гэхдээ Улсын Их Хурлын сонгууль зохион байгуулах чиг үүргийнхээ хүрээнд бодит мэдээллийг тодруулах, олон нийтэд хүргэх үүднээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллаж байгаагаа Сонгуулийн ерөнхий хорооны дарга онцолсон.
Сүүлийн таван жилийн бүртгэлийн мэдээллээс үзэхэд 2019 онд 145,088 бүртгэл хийж байсан бол 2020 онд хамгийн их буюу 278,180 бүртгэл бичигджээ. Харин 2024 онд шилжилт хөдөлгөөн зогсоох хүртэл 70071 иргэн шилжсэн байна.
Бүртгэлийн байгууллага бол иргэний шилжилт хөдөлгөөний зорилгыг тодорхойлох боломжгүй. Үүнд зориулсан судалгаа хийгээгүй талаар тэрбээр мэдээлсэн.
Сонгогчдын нэрийн жагсаалтыг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс https://election.burtgel.gov.mn/ цахим хуудаст байршуулсан. Одоогоор 17 мянган сонгогч мэдээллээ шалгаж байгаа нь хангалтгүй үзүүлэлт. Өөрийнхөө мэдээллийг шалгаж, тухайн хаяг дээр өөр хүн байгаа бол гомдол гаргаж шийдвэрлүүлэх бүрэн боломжтойг Улсын бүртгэлийн газрын Тамгын газрын дарга Г.Цолмон мэдээлэлдээ онцлов.
Ардчилсан намын төлөөллөөс сүүлийн таван жилийн хугацаанд иргэдийн шилжилт хөдөлгөөний мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар авах хүсэлтээ Улсын бүртгэлийн ерөнхий газарт өгсөн юм.