Day -60: Б.ТЭГШБАЯР ОЛИМПЫН ЭРХ АВСНААР ХОЁР ДУГУЙЧИН ПАРИСТ УРАЛДАХААР БОЛЛОО

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2024-05-27 12:29:14
Узбекистан улсад болж буй дугуйн Ази тивийн аварга шалгаруулах “Tour of Bostonlig” UCI 2.2 олон өдрийн тэмцээний ганцаарчилсан гараатай 30 км-ын цагийн уралдаанд ОУХМ Б.Тэгшбаяр түрүүлж, шар цамцны эзэн болсноос гадна "Парис 2024" зуны олимпын наадмын эрхийг авлаа. Энэ гарааны дараа түрүүлсэн тамирчинд зуны олимпын наадамд уралдах эрх олгох байсан ба 2016 онд Track дугуйн Залуучуудын Дэлхийн аварга, 2023 “Tour of Thailand” тэмцээний аварга, Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Б.Тэгшбаяр энэ болзлыг хангасан байна. Манай тамирчны араас зохион байгуулагч орны гурван тамирчин орсон бол С.Жамбалжамц тавдугаар байрт бичигдлээ.
Ийнхүү Монгол Улсаас анх удаа зуны олимпын наадмын бөөн гараатай уралдаанд хоёр тамирчин уралдахаар болж байна.
Өнгөрсөн онд болсон "Ханжоу 2022" Азийн наадамд С.Жамбалжамц хүрэл медаль хүртэн "Парис 2024" зуны олимпын наадамд оролцох эрхээ авч дугуйн спортын түүхэн амжилтыг бичээд байсан билээ. Тэгвэл дугуйчдаас удаах эрхийг Узбекистанд болж буй Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Б.Тэгшбаяр авлаа.
Монголын багийн "Парис 2024" зуны олимпын наадамд оролцох бүрэлдэхүүнийг өнгөрөгч долоо хоногт хүндийг өргөлтийн М.Анхцэцэг үргэлжлүүлсэн бол өнөөдөр дугуйчдаас Б.Тэгшбаяр анх удаа олимпын эрхээ авлаа. Жүдочдын олимпын эрхийн оноо олгох тэмцээн өндөрлөсөн бол боксын баг сүүлийн эрхийн төлөө Тайландад хариуцлагатай тулааныг хийж байна.
"Парис 2024" зуны олимпын наадам эхлэхэд 60 хоног үлдсэн ба Монголын дугуйчид хосоор олимпод уралдахаар боллоо

Ч.БОЛОР
Холбоотой мэдээ