Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам маргааш эхэлнэ

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2024-06-13 08:59:11

Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2024” наадмыг нийслэлийн Засаг даргын ивээл дор энэ сарын 14-16-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Наадмын талаар зохион байгуулагчид мэдээлэл өглөө.


Энэ удаагийн наадамд БНХАУ, БНСУ, Индонези, Малайз, Филиппин, Узбекистан, Энэтхэг, Япон, Иран, Болгар зэрэг нийт арван орноос 160 гаруй уран бүтээлч, гар урлаачид оролцохоор нийслэл хотноо хүрэлцэн ирээд буй. Мөн Улаанбаатар хотын есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, гар урлаачид оролцоно.


Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2024” наадмыг анх 2019 онд Ерөнхий сайдын ивээл дор Азийн ардын урлагийн наадам нэртэйгээр зохион байгуулсан. Тухайн үед 12 орны 200 гаруй уран бүтээлч, Монголоос 2000 гаруй ардын авьяастан, өвлөн уламжлагчид оролцож байлаа. Харин 2020-2022 онд цар тахлын улмаас цахимаар зохион байгуулсан. Өнгөрсөн ооноос эхлэн Нийслэлийн Засаг даргын ивээл дор НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ, “Артлар соёл урлаг” ТББ болон Ардын урлагийн наадмуудын Дэлхийн ассоциаци хамтран зохион байгуулж байна. 


Тус наадмыг гадаадын жуулчид хийгээд монголчуудад Азийн улс, үндэстнүүдийн соёлын өв, ардын урлагтай нэг дор танилцах боломжийг олгодог, Улаанбаатар хотоор овоглосон соёлын аялал жуулчлалын томоохон брэнд үйл ажиллагаа болгон жил бүр зохион байгуулахаар төлөвлөөд байна.


Холбоотой мэдээ