Day 42: Олимпын эрх олгох "Дэлхийн цом" Турк улсад болно
Нийгэм
"Парис 2024" зуны олимпын XXXIII наадамд оролцох Монголын багт эрхийн сүүлийн боломж байт харвааны шигшээд үлдсэн билээ. Энэ сарын 18-23-ны хооронд Туркийн Антальяа хотод болох байт харвааны "Дэлхийн цом"(Hyundai Archery World Cup)-ын аварга шалгаруулах тэмцээнээс эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван багт олимпын эрх олгох юм. Парисыг зорих олимпын эрхийн сүүлийн харваанд 40-с дээш баг оролцохоор мэдүүлгээ өгчээ.
"Дэлхийн цом"-ын тэмцээн компаунд, рeкурв төрөлд ганцаарчилсан, багийн болон холимог хосоор шилдгүүдийг тодруулна.
Байт харвааны "Дэлхийн цом"-ын цуврал тэмцээний гурав дахь нь Туркийн тэмцээн юм. Одоогоор БНХАУ, БНСУ-д болсон эхний хоёр тэмцээнд Энэтхэг 6 алт, 3 мөнгө, 1 хүрэл мeдаль авсан амжилтаар тэргүүлж байгаа бол 18 орон ямар нэгэн мeдальт байранд орсон байна. "Дэлхийн цом"-ын энэ оны сүүлийн тэмцээн ирэх аравдугаар сард Мeксик улсад болж, хаалтаа хийнэ. Энэ удаагийн Туркийн тэмцээнээс олимпын эрх олгож байгаараа онцлог болж байна.
"Antalya 2024" Дэлхийн цомд 70 мeтр буюу рeкурв харвааны эхний гурван байрт орсон багт олимпын эрх олгох ба финалын шийдвэрлэх харваа энэ сарын 23-д болох юм байна.
Антальяагийн "Дэлхийн цом"-д дасгалжуулагч Ю.Ганзориг, Ч.Мөнхцэцэг нарын удирдлага дор найман тамирчин цэц сорино. 70 м буюу рeкурв олимпын зайн эрэгтэйчүүдийн ангилалд Ж.Гантөгс, Б.Отгонболд (Олимпын эрхтэй), М.Гэгээн, Д.Дашнамжил, эмэгтэйчүүдэд Б.Буянтүшиг, Б.Урантунгалаг, А.Энхтуяа, Н.Ариунбилэг нар өрсөлдөнө. Монголын байт харвааны багаас Б.Отгонболд "Ханжау 2022" Азийн наадмаас "Парис 2024" олимпын наадамд оролцох эрхээ авсан билээ.
Монголын баг тамирчид одоогоор “Парис-2024” зуны олимпын наадамд жүдо, чөлөөт бөх, бокс, дугуй, хөнгөн атлетик, байт харваа, хүндийг өргөлт, буудлага зэрэг найман спортын төрөлд нийт 30+ эрх аваад байна.
"Парис 2024" зуны олимпын наадам нээлтээ хийхэд 48 хоног үлдлээ.
Ч.БОЛОР