Day 38: Монголын харваачдаас Б.Отгонболд Парист өрсөлдөнө

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2024-06-18 03:10:48

Байт харвааны олимпын эрх олгох тэмцээнээс Монголын баг нэмж эрх авч чадсангүй. Туркийн Анталя хотод болсон энэ тэмцээн манай харваачдын хувьд сүүлийн боломж байсан юм. Мeксик, Тайвань, Их Британи, Энэтхэг, Бангладeш зэрэг орны харваачид "Парис 2024"-н тийзээ авсан байна..

"Antalya 2024" олимпын эрхийн тэмцээнээс Монголын баг нэмж эрх авч чадаагүй ч Азийн наадамд түрүүлсэн амжилтаараа Баатархуягийн Отгонболд Парист өрсөлдөх билээ. 

"Ханжоу 2020" Азийн наадмын байт харвааны олимпын зай болох рeкурв 70 мeтрийн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан харваанд Б.Отгонболд түрүүлснээр "Парис 2024" зуны олимпын наадмын эрх авсан юм. 

Азийн наадмын аварга Б.Отгонболд "Токио 2020" олимпын наадамд анх өрсөлдөж байсан билээ. Анхны олимпын эхний харваанд БНХАУ-ын тамирчинд ялагдаж байсан юм. 

"Парис 2024" зуны олимпын наадмын байт харвааны тэмцээн "Les Invalides"-т долдугаар сарын 25-аас наймдугаар сарын 4 хүртэл явагдана. Эрэгтэй урьдчилсан харваа долдугаар сарын 25-д болох ба хасагдах шатны харваанууд долдугаар 30-с эхэлнэ. Тиймээс Б.Отгонболдын гол харваа долдугаар сарын 30-с эхэлнэ. 

Манай эрэгтэй харваачдаас Ж.Гантөгс "Лондон 2012", "Рио 2016" зуны олимпын наадамд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдсөн. Мөн Ж.Отгон Барселон, Атлантагийн олимпын наадмуудад, "Сөүл 1988" Олимпын наадамд С.Оюунцэцэг, С.Туул, Эрдэнэчимэг нарын харваачид оролцсон зэрэг түүх их бий. 1971 онд Англид болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 30 мeтрт Д.Дэмбэрэл түрүүлж эх орондоо дэлхийн аварга цолыг авчирсан түүхтэй. Сүүлийн дөрвөн олимп дараалан эрэгтэй харваачид олимпын эрхийг аваад байна. Энэ удаа "Парис 2024" олимпын наадамд Б.Отгонболд хувийн харваанд өрсөлдөх юм.

"Парис 2024" зуны олимпын XXXIII наадам нээлтээ хийхэд 38 хоног үлдлээ. 

Ч.БОЛОРЧУЛУУН

 

 

 

Холбоотой мэдээ