“Парис-2024” олимпын наадамд өрсөлдөх эрхээ авсан хөнгөн атлетикийн тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа
НийгэмМонголын хөнгөн атлетикийн шигшээ багийн тамирчид “Парис 2024” олимпын наадамд өрсөлдөх 3 эрх аваад буй. /Б.Сэр-Од, Г.Хишигсайхан, Б.Мөнхзаяа нар / Шигшээ багийн төлөөлөл, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Мөнхзаяа болон дасгалжуулагч Б.Доржпалам нарыг Монголын Үндэсний олимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар хүлээн авч уулзлаа. Олон улсын хэмжээний мастер Б.Мөнхзаяагийн хувьд Налайх дахь хөнгөн атлетикийн талбайд бэлтгэлээ базааж байна. Харин Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од, ОУХМ Г.Хишигсайхан нарын хувьд Япон улсад бэлтгэл сургуулилтаа хийж байгаа аж.
Удирдлагуудын зүгээс “ Монгол Улсад “Парис 2024” олимпын наадамд өрсөлдөх эрх авсанд баяр хүргэж дэлхийн шилдэг тамирчидтай эн тэнцүүхэн өрсөлдөж өндөр амжилт үзүүлж байгаа нь олимпод амжилт үзүүлэх бүрэн боломжтойг харуулж буй хэрэг” хэмээн онцолж байлаа. Мөн сэтгэл зүйн болоод хувийн бэлтгэл сургуулилтаа сайн хангаарай хэмээн захив. Монголын хөнгөн атлетикийн шигшээ баг тамирчид наймдугаар сарын 8-ний өдөр Парисыг зорих юм. Манай тамирчдын хувьд, МУГТ Б.Сэр-Од “Копенхагены Марафонд” 2:19:25 цагийн амжилтаар 14-дүгээр байрт шалгарч Парисыг зорих эрхээ авсан . Харин Г.Хишигсайханы хувьд Токиогийн марафонд 2:26:32 цагийн амжилтаар 8-р байр, Б.Мөнхзаяа өнгөрсөн гуравдугаар сарын 18-ний өдөр болсон Сөүлийн марафонд 2:24:45 цагийн амжилтаар шилдэг 10-т шалгарч “Парис-2024” олимпын наадмыг зорих “тийз” -ээ захиалаад буй.