Гадаад улсад амьдарч байгаа иргэдээс санал авах үйл ажиллагаа үргэлжилж байна
Улс ТөрМонгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэд 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 07.00 (тухайн улсын орон нутгийн цаг)-аас эхлэн саналаа өгч байгаа. Сонгогчид 6 дугаар сарын 23-ны өдрийн 22.00 цаг (тухайн орон нутгийн цаг) хүртэл саналаа өгнө.
Гадаад улс дахь иргэдийн санал хураалт дууссаны дараа салбар комиссууд битүүмжилсэн дугтуйтай саналын хуудас болон бусад баримт, бичгийг төв комисст, төв комисс Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлдэг.
Сонгуулийн ерөнхий хороо гадаад улсад байгаа иргэдийн санал тоолох ажиллагааг өөрийн байранд санал авах өдрийн 22.00 цагаас ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг байлцуулан ил тод, нээлттэй явуулдаг. Улмаар саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийж тоолон дүнг мэдээлэхээр хуульчилсан. Түүнээс өмнө гадаад улсад байгаа иргэдийн өгсөн саналыг мэдэх боломжгүй.