Наадмын тасалбарыг ирэх сарын 1-нээс эхлэн цахимаар худалдаална
НийгэмТулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлын талаарх мэдээллийг холбогдох албаныхан өглөө.
Өнөөдрийн байдлаар баяр наадмын бэлтгэл ажил 80 хувьтай явж байгаа бөгөөд Төв цэнгэлдэх хүрээлэнд авто зогсоол шинээр байгуулах, зам засах, суурийн тэгшилгээ хийх ажлууд тус тус үргэлжилж байна. Мөн сур харвааны талбай, шагайн харвааны асар болон ойр орчимд тохижилт, засвар үйлчилгээний ажил үргэлжилж байна.
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд урлаг соёлын нийт 12 арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэл ажлуудыг хангаж байна. Тухайлбал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын санаачлаагаар 7 дугаар сарын 10-ны өдөр төв талбайд талбайд Б.Дамдинсүрэн Б.Смирнов нарын “Учиртай гурван толгой” дуурийг нийтийн хүртээл болгоно.
Үндэсний бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар “2024 оны Үндэсний их баяр наадамд барилдсан 32 бөх, үндэсний сурын 16 харваачдаас авах шинжилгээний сорьц, сорьцын хариуг шуурхай гаргуулах, ил тод байдлыг хангах үүднээс Дэлхийн Допингийн эсрэг агентлагаар итгэмжлэгдсэн ХБНГУ-ын Дрезден хотын Допингийн хяналтын лабораторид шинжилгээг хийлгэхээр ярилцаж байна. Ингэснээр шинжилгээний хариу 48 цагийн дотор гарах боломж бүрдэнэ.
Энэ асуудлаар Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо болон салбар хороотой хамтран ажиллахаа илэрхийлсэн” гэв. Мөн Хүй долоон худагт 13 ширхэг экобус, 30 ширхэг Контейрэн нойл, 10 ширхэг зөөврийн нойл ажиллуулахаар төлөвлөсөн юм. Мөн Хүй долоо худгийн авто замыг засварлах бөгөөд морины гараа бариа, хэмжилт хийх талбайд төлөвлөгөөт ажлууд 70 хувьтай үргэлжилж байна.
Үндэсний их баяр наадмын үеэр олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх, аливаа хүнд суртал, чирэгдэл үүсгэхгүй байх, алба хаагч, ажилтны ажил, ачааллыг хөнгөвчлөх зорилгоор Төв цэнгэлдэх хүрээлэн, “Монгол наадам” цогцолборын орчимд теле хяналтын камер, зөөврийн авто хаалт суурилуулахаар бэлтгэл ажил хангаж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд нийт 20 цэгт 49 камер, Хүй долоон худагт 15 цэгт 25 камер суурилуулна.
Харин баяр наадмын тасалбар суудлаасаа хамаарч 80.000, 100.000, 150.000 төгрөгийн үнэтэй байна. Тасалбар, автомашины зөвшөөрлийг www.enaadam.mn сайтаар 7 дугаар сарын 01-ний өдрөөс худалдаалахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Тасалбар бүр дээр баяр наадмын хөтөлбөр, зохион байгуулагдах арга хэмжээнүүдийг мэдээлэл бүхий QR код байрлуулж мэдээллийг хүргэнэ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС