Олимпийн наадам эхлэхэд 4 хоног үлдлээ
Нийгэм"Парис 2024" зуны олимпийн XXXIII наадам нээлтээ хийхэд дөрөв хоног үлдлээ. "Токио 2020" зуны, "Бээжин 2022" өвлийн олимпийн дараа нээлтээ хийх энэ удаагийн олимп хэдэн сая спорт сонирхогчдын анхаарлыг татаж байгаа билээ.
Франц улсад орон орны баг тамирчид хүрэлцэн очсоор байна. Монголын багийн түрүүч болох "Рио 2016" олимпийн наадмын хүрэл мeдальт, дасгалжуулагч Д.Отгондалай тэргүүтэй боксын багийнхан тамирчдын тосгонд байрлаж эхлэв. Энэ удаа боксын шигшээ багаас эмэгтэй хоёр тамирчин эрхээ авсан билээ. Боксын тамирчдын араас жүдо бөх, байт харваа, усанд сэлэлт зэрэг баг тамирчид тамирчдын тосгонд байрлах хуваарьтай. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл Парист очжээ.
Монголын багийн эхний тэмцээн Олимпийн нээлтийн өмнөх өдөр буюу Пүрэв гаригт байт харваагаар эхэлнэ. Азийн наадмын аварга Б.Отгонболд энэ удаа харваачдаас ганцаараа эрхээ авсан билээ. Түүний хувьд Монголын багийн тэмцээнийг эхлүүлнэ. Байт харваачид олимпийн наадамд 70 мeтр буюу рeкурв төрөлд ганцаарчилсан, холимог хос, багийн төрөлд шилдгүүдээ тодруулна. Манай жүдочдын тэмцээн ирэх Бямба гаригаас эрэгтэй, эмэгтэй хөнгөн жингээр эхэлнэ. Жүдочид холимог багийн төрөлд оролцох юм.
Олимпийн наадмын өмнө ОХУ-ын тамирчдыг оролцуулах талаар олон удаагийн шийдвэр гарсан. Тэгвэл энэ удаа 15 тамирчин оролцохоор болжээ. Олон улсын олимпын хорооноос дараах тамирчдыг нэр заасан байна. Чөлөөт бөх зэрэг зарим спортын төрөлд эрхээ авсан тамирчид оролцохгүй гэдгээ мэдэгдсэнээр дараах тамирчид Парист очихоор болжээ. Талбайн теннисээр Д.Медведев, Р. Сафиуллин, Е. Александрова, М.Андреева, П. Котов, Д. Шнайдер, Е. Веснина, дугуйн төрөлд Т.Дронова, А. Иванченко, Г. Сырица нар, гимнастикийн батутад үсрэх төрөлд А.Бладцева, каноэ завины спортод З. Петров, А. Коровашков, О.Ромасенко, усанд сэлэлтийн төрөлд Е. Сомов нар орох мандатаа авахаар болжээ. ОХУ-ын тамирчид нь төвийг сахисан статустай оролцох ба медаль хүртсэн тохиолдолд төрийн дуулал нь эгшиглэхгүй ба төрийн далбааг нь мандуулахгүй ажээ. Тэд ОУОХ-ны далбаан дор наадамд оролцоно. ОХУ-ын тамирчид нь олимпын нээлт болон хаалтын ёслолын ажиллагаанд оролцохгүй ба медаль хүртсэн тохиолдолд медалийн хүснэгтэд бичигдэхгүй байх нөхцөлтэй юм байна.