Баян-Өлгий аймагт улаанбурхан өвчний найман тохиолдол шинээр бүртгэгдлээ
НийгэмӨнөөдөр /2024.08.22/ Эрүүл Мэндийн Яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат "Сүүлийн 24 цагт Баян-Өлгий аймагт улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн найман тохиолдол шинээр бүртгэгдэж, дотоодын халдвар ихсэж байгааг онцоллоо.
Улаанбурхан өвчний өмнөх дөрвөн тохиолдолтой нийлээд нийт 12 тохиолдол бүртгэгджээ.
Баян-Өлгий аймаг руу хоёр дахь ээлжийн зөвлөн туслах багийг явуулж, ажиллуулж байна. Тус аймагт голомтлон гарч байгаа тохиолдлуудыг илрүүлэх, тохиолдлуудыг вакцинд хамруулах ажил 86%-тай байна. Улаанбурхан өвчний товлолын вакцинаа хийлгээгүй 1,500 хүүхэд, жирэмсэн эхчүүд, 0-9 сартай хүүхдийн судалгааг гаргаж, 3,300 хүнийг энэ долоо хоногт вакцинжуулж дуусгана гэж мэдэгдлээ.
Битүү орчинд байгаа хүн хоёр цагийн дотор улаанбурхан өвчний халдвар авах эрсдэлтэй юм байна
Нүүрэн хэсгээс эхлэн улаан гүвдрүүт тууралт гарч, өндөр халуурах, нусгайрах, нүдний салст үрэвсэх, амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх, бүх биеэр толбот тууралт гарах, хоолны дуршил буурах зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа Өрх, сум, дүүргийн Эрүүл мэндийн төвд яаралтай хандах, мэдээлэл зөвлөгөөг Шуурхай 119 тусгай дугаараас үнэ төлбөргүй авахыг Эрүүл Мэндийн Яамнаас анхааруулж байна.