Таван шарын нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг энэ сарын 14-нд нээнэ
НийгэмУлаанбаатар, есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд Таван шарын төмөр замын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, “Нарантуул” олон улсын худалдааны төвийн баруун урд талын дөрвөн замын уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц байгуулна.
Тус бүтээн байгуулалтын эхнийх болох Таван шарын төмөр зам, авто замын огтлолцол хэсэгт төмөр замын доогуур байгуулж буй нүхэн гарцын үндсэн бүтээцийн ажил дууссан юм. Одоогоорр нүхэн гарцын авто замын асфальт бетоноор хучиж байна. Тус нүхэн гарцын хойд туслах авто зам 425 метр, урд туслах авто зам 252 метр урт, хоёр түвшний огтлолцолтой байх юм. Тус нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг энэ сарын 14-нд нээнэ.
Түүнчлэн таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарц нь 5 метрийн өндөртэй, иж бүрэн ус зайлуулах систем бүхий инженерийн байгууламж болж буйгаараа онцлогтойг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.