Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн бүтээн байгуулалт эхэллээ

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2024-09-04 07:42:53

Монгол Улсад орчин цагийн музей үүсэн байгуулагдсаны 100 жилийн түүхэн ойн босгон дээр Байгалийн түүхийн музейн шинэ барилгын бүтээн байгуулалт эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2018 оноос Байгалийн түүхийн музейн шинэ барилгын бүтээн байгуулалтыг идэвх санаачилга гаргаж, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар “Шинэхэн групп” ХХК-ийн АСЕМ-ын дээд хэмжээний Үндэсний хурлын танхим, зочид буудал, аялал жуулчлалын зориулалтаар барьж байсан 140 метрийн урттай, 56 метрийн өргөнтэй цогцолбор барилгын суурь, 2 блок барилгын үндсэн карказын зориулалтыг өөрчлөн Байгалийн түүхийн музейн шинэ барилга барих шийдвэр гарсан.

Музейн шинэ барилгын бүтээн байгуулалтыг эхлүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх:


“Музейн бүтээн байгуулалтын ажлыг ашиглалтад оруулахаар товлосон хугацаанд бүрэн дуусгаж, үзэгчдэдээ үйлчлэх боломжийг олгох чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, эрхэлсэн сайд нар, Нийслэлийн удирдлагын зүгээс тогтмол анхаарал хандуулж, тулгамдсан асуудлыг цаг алдахгүй шуурхай шийдвэрлэж, санаачилгатай ажиллахыг уриалж байна. Мөн барилга угсралтын ажлыг чанарын өндөр түвшинд, шуурхай гүйцэтгэж, товлосон хугацаанд ашиглалтад оруулж чадна гэж итгэж байгаагаа, ард иргэдийнхээ хүлээлттэй хамтатган ажил гүйцэтгэгч “Содон Номин” компанийн хамт олонд дуулгая. Энэхүү музейн бүтээн байгуулалт бол зөвхөн Монгол Улсын иргэдэд хамаатай цогцолбор бус нийт хүн төрөлхтний хувьд үр шимийг нь хүртэх мэдлэгийн эх булаг байх ёстой. Бид өнөө ба ирээдүйн ард иргэдийнхээ мэдлэг, оюуныг тэтгэн хөгжүүлэхийн төлөө төдийгүй нийт хүн төрөлхтний сайн сайхны төлөө энэхүү бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байгаагаа гүнээ ухамсарлан, нэгэн зорилгод нэгдэн ажиллах учиртайг үгийнхээ төгсгөлд тэмдэглэн хэлье” хэмээлээ.

 Байгалийн шинжлэх ухааны Үндэсний музей нь

  • 38,406.35 м.кв ашигтай талбай

  • 12 байнгын үзүүллэгийн танхим

  • Түр үзэсгэлэнгийн танхим, планетариум танхим, амфитеатр,

  • Номын сан, хурлын танхим

  • В1 давхарт 540 автомашины зогсоолтой байхаар төлөвлөгдсөн.

Энэхүү бүтээн байгуулалт ашиглалтад орсноор Ази тивдээ барилгын талбайн хэмжээгээр эхний 7 дугаар жагсах томоохон хэмжээний үндэсний бүтээн байгуулалт болох юм.


Холбоотой мэдээ