ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ АНХАН ШАТНААС ГҮН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРУУДЫГ БАЙГУУЛНА
Улс ТөрМонгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны аравдугаар сарын 9-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Монголд зочлох жил”-ийг 2028 он хүртэл үргэлжлүүлнэ
Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах зорилготой “Go Mongolia” зэрэг зорилтот ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Монгол Улсыг олон улсад сурталчлах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг хэлэлцэн баталлаа.
Дэлхий дахин улам даяаршиж буй энэ цаг үед улс орны талаар эерэг ойлголт, сэтгэгдэл төрүүлэх, иргэд хоорондын харилцаа, улс хооронд харилцан зорчих урсгалыг нэмэгдүүлэх, Монгол Улсын түүх, уламжлал, эдийн засаг, нийгмийн салбарын ололт, амжилтыг гадаадад сурталчлах, Монголд зочлох сэдэл төрүүлэх ажлыг идэвхжүүлэх зайлшгүй шаардлага үүсэж байна. Тиймээс Монгол Улсыг олон улсад төдийгүй хувийн хэвшил, гадаад, дотоодын иргэдэд сурталчлах хүрээнд “Монголд зочлох жил”-ийг 2028 он хүртэл үргэлжлүүлэхээр тогтов. Төлөвлөгөөт ажлын дагуу 2028 он гэхэд жилдээ хоёр сая жуулчин хүлээж авдаг болох зорилтыг дэвшүүлээд байна.
Хүний эрхийг дээдэлсэн, авлигагүй төр, шударга ёсыг бэхжүүлэх зорилготой хуулийн төслүүдийн явцыг хэлэлцэв
Хүний эрхийг дээдэлсэн, авлигагүй төр, шударга ёсыг бэхжүүлэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулж буй хууль, тогтоомжийн төслүүдийн явцыг ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл хуралдаанд танилцууллаа.
Тус яамнаас авлигатай тэмцэхтэй холбоотой зарим хуулийн төсөл, тухайлбал Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг УИХ-ын намрын чуулганд өргөн мэдүүлэхээр төлөвлөж байна.
Эдгээр хуулийн төслүүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-ын даргын захирамжаар байгуулсан холбогдох хууль, тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн үйл ажиллагаатай Засгийн газрын үйл ажиллагааг уялдуулах талаар зохих арга хэмжээг авч ажиллахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учралд даалгалаа.
Түүхий эд, бүтээгдэхүүнийг анхан шатнаас гүн боловсруулах цогцолборуудыг байгуулна
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төсөл ба боловсруулах үйлдвэрүүдийн судалгаа, байршлын талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Засгийн газрын хуралдаанд танилцуулав.
Бодлогын үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд 14 мега төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд аж үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр түүхий эд, бүтээгдэхүүнийг анхан шатнаас гүн боловсруулах “Кокс-химийн цогцолбор”, “Нүүрс-химийн цогцолбор”, “Зэс боловсруулах цогцолбор”, “Ган үйлдвэрлэлийн цогцолбор”, “Жонш баяжмал боловсруулах цогцолбор”, “Барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор” зэрэг боловсруулах үйлдвэрүүдийг ашиглалтад оруулна. Мөн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн боловсруулах, алтны олборлолтыг нэмэгдүүлэх ба алт цэвэршүүлэх үйлдвэр барих, нүүрс-химийн технологийг эзэмших, хүний нөөцийг бэлтгэх, ирээдүйн томоохон төслийн ТЭЗҮ-ийг тодорхойлох зорилгоор туршилт тохиргооны бага оврын үйлдвэр байгуулж хийн түлш, нийлэг материал, устөрөгч гарган авах зорилтыг ирэх дөрвөн жилд хэрэгжүүлнэ.
Цаашид үйлдвэрлэл, технологийн парк байгуулсан болон байгуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгуулах, паркийн газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах асуудлыг энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.
Товч мэдээ
Бүгд Найрамдах Итали Улсад энэ оны долоодугаар сарын 07-11-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Барток-Кабалевский-Прокофьевын нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдаан”-д оролцож, мэргэжлийн төгөлдөр хуурын хоршил төрөлд Монгол Улсын консерваторын Сонгодог хөгжмийн мэргэжлийн багш Б.Ариунаа, С.Алимаа, Л.Баярмаа, оюутан Н.Бодьзавъяа нар хоёрдугаар байрт шалгарсан тул Засгийн газрын журмын дагуу 6,0 сая төгрөгийн мөнгөн шагнал, оюутан Н.Бодьзавьяа нь ганцаарчилсан төрөлд мөн хоёрдугаар байрт шалгарсан тул 24 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэв.