ЗАВХАН: МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ЖАЛХАНЗ ХУТАГТ Ц.ДАМДИНБАЗАРЫН ХӨШӨӨГ АЙМГИЙН ТӨВ ТАЛБАЙД ЗАЛЛАА
Фото
Монгол Улсын Ерөнхий сайд, Самади багш, Очирванийн хувилгаан Жалханз хутагт Ц.Дамдинбазар нь буддын гүн ухаанд нэвтэрсэн, буддын шашны сургаалын арвин их сан хөмрөгт олон арван бүтээл туурвил бичиж үлдээсэн бичиг номын их хүмүүн байсан төдийгүй 20 дугаар зуунд тохиосон 2 их хувьсгалын удирдагчдын нэг, Богд хаант Монгол Улсын Ерөнхийлөн шийтгэх сайд, Ардын засгийн анхны Ерөнхий сайдаар ажилласан шашин-төрийн нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө бие сэтгэлээ зориулан амь хайргүй тэмцсэн цогтой эх оронч юм.
Түүний хөшөөг төв талбайд залах ёслолд Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин, аймгийн ИТХ-ын дарга Б.Санжсүрэн, Засаг дарга Г.Өнөрбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын Бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга Бригадын генерал С.Ванчинхүү болон Улиастай цэргийн хүрээ, бусад зочид, төлөөлөгчид, ард иргэд оролцлоо.
Жалханз хутагт Д.Дамдинбазарын хөшөөг төв талбайд залах төслийн санаачлагчаар Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн П.Батсайхан, гүйцэтгэгчээр Төрийн соёрхолт, уран барималч Л.Ганхуяг нар ажиллав.








