Улсын начин Э.Батмагнай түрүүлж Залаажинстийн цагаан яамааны ноолуураар шагнууллаа

Life Style
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2025-05-20 10:32:10


Сумын наадамд 11 түрүүлж, 4 үзүүрлэсэн, сумын манлай заан Лодойн Бүлтэг агсны нэрэмжит Баянхонгор аймгийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах "ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН ", Шинэжинст сумын “Залаагийн хүчтэй” бөхийндэвжээний нээлт тус суманд 2025 оны 05дугаар сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.


Өв соёл, үүх түүхээрээ бахархдаг Улсын арслан Э.Оюунболд, Улсын начин Баянхонгор аймгийн Жинст сумын уугуул Б.Батмагнай нар алслагдсан энэ суманд урилгаар очиж, сумынхаа наадамд 11 түрүүлж, 4 үзүүрлэсэн Лодойн Бүлтэг агсны алдрыг олонд таниулсан Үндэсний бөхийн барилдаанд зодоглов.  

Улсын алдар цолтой эдгээр бөхчүүд Шинэжинст сумын “Залаагийн хүчтэн” бөхийн дэвжээний нээлтэд ирж зодоглож буй нь энэ нутгаас улсын цолтон төрөн гарна хэмээн нутгийн иргэд ихэд билэгшээж байлаа.  



Эхний өдөр /2025.05.19/ Аймгийн идэрчүүдийн аварга шалгаруулах үндэсний бөхийн тойргийн барилдаан болж нийт 16 сумын 90 гаруй бөх барилдсанаас Аймгийн арслан Б.Түвшинтөгс түрүүлж, Аймгийн арслан Э.Өлзийбаяр үзүүрлэсэн юм.

Харин хоёр дахь өдөр /2025.05.20/-ийн улс аймгийн цолтой хүчит бөхийн барилдаанд 40 гаруй бөх барилдсанаас шөвгийн дөрөвт Улсын арслан Э.Оюунболд, Улсын начин Э.Батмагнай, Аймгийн арслан Ч.Алтангэрэл, Аймгийн начин Э.Бямбадорж нар шалгарав. Улмаар үзүүр, түрүүнд зүүн болон баруун жигүүрийг манлайлан барилдсан Улсын арслан Э.Оюунболд, Улсын начин Э.Батмагнай нар үлдэж, Улсын начин Э.Батмагнай түрүүллээ.

Шинэжинст сум Залаа жинстийн цагаан ямаагаараа алдартай. Тиймээс үзүүр түрүүний бөхийн бай шагналд цагаан ямааныхаа ноолуурыг дээжлэн барьсан нь онцлог байв.



Сумын манлай заан Лодойн Бүлтэг агсан анх 16 настайдаа Баянөндөр суманд Улсын баяр наадмаар зодоглож бөхийн гараагаа эхэлсэн. Тэр цагаас хойш Улсын баяр наадмаар 37 жил тасралтгүй барилдсан хүчтэн юм. Тэрбээр 25 настайдаа  Шинэжинст сум анх байгуулагдсан түүхт ойн барилдаанд түрүүлж, түүнээс хойш сумандаа 11 түрүүлсэний 9 нь завсаргүй түрүүлсэн бол 4 үзүүрлэсэн ховорхон амжилтын эзэн юм. Тиймдээ ч нутгийн ард иргэд нь “Хол яваагүй ч хонхортоо босоо Хүчтэн” хэмээн Лодойн Бүлтэг агсныг амжилтыг үнэлэн, хүндэтгэдэг байна.


Ирэх жил Шинэжинст сум байгуулагдсаны түүхт 70 жилийн ой тохиох юм. Түүнийг угтан аймгийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан зохион байгуулахаас гадна, манлай заан Лодойн Бүлтэг агсны нэрэмжит “Залаагийн хүчтэн” үндэсний бөхийн дэвжээний нээлтийг өнөөдөр ийн хийж буй юм. Энэ тухай сумын манлай заан Лодойн Бүлтэг агсны ар гэр гүн талархалтай байгаагаа илэрхийллээ.

Сумын заан Лодойн Бүлтэг агсны нэрэмжит “Залаагийн хүчтэн” бөхийн дэвжээнй нээлт, Баянхонгор аймгийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах Үндэсний бөхийн барилдаанд тус аймгийн 16 сумын, хүчит 90 гаруй бөх хурд хүчээ сорин, уран мэхийг уралдуулан аймаг, орон нутгийн иргэдээ баясгалаа.

 

  

 

Холбоотой мэдээ