Чуулган: Энэ онд 7000 мянган төрийн албан хаагч тэтгэвэрт гарах өргөдлөө өгчээ

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2025-09-19 07:59:11

Монгол Улсын ирэх оны төсөвтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, төрийн албан хаагчийн есөн хувийг цомхотгох асуудалд би эсрэг байр суурьтай байсан. Албан хаагчдыг цомхотгох аргачлал байхгүй, процессын дахин инженерчлэлтэй хэрхэн уялдах нь тодорхойгүй байгааг сануулж байсан. Өнөөдөр тодорхой тооны хүнийг ажлаас чөлөөл гэсэн квот авчихсан байгууллагууд байна. Хөдөө орон нутагт ч ялгаагүй. Ингэж байж төсөвт хэмнэлт гарна гэж үзжээ. Энэ шийдвэрийг дагаад 7000 мянган хүн тэтгэвэрт гарах өргөдлөө өгчээ. Эдгээр хүмүүст олгох нэг удаагийн тэтгэмжид 375 тэрбум төгрөг зарцуулах нь. Энэ мөнгийг жилийн хугацаанд олгох боломжгүй учраас хоёр хуваана гэж байна. Тэтгэмжийг хоёр хувааж олгох юм уу, 3500 хүнд олгох тэтгэмжийг нэг жилээр хойшлуулах гэж байгаа юмуу хэмээн лавлав. Тэрбээр, жилд 14 мянга орчим хүн тэтгэвэрт гардаг байсан бол тэрхүү 7000 хүн нэмэгдэхээр 20 гаруй мянга болж байх шиг байна. Тэтгэврийн сан үүнийг дийлэх үү. Цомхотгол явагдсаны дараа ажилгүйдлийн тэтгэмж олгож таарна. Ажилгүйдлийн тэтгэмж олгох сан үүнийг дийлэх үү. Төсөв хэмнэх гэсэн биш төсөвтөө дарамт болох вий гэсэн асуудлыг хөндөв.

 



Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд есөн хувийн хэмнэлт хийнэ гэдэг зорилт тусган батлагдсан. Энэ зорилтыг хангахын тулд чиг үүргийн шинжилгээ, дахин инженерчлэл хийх ёстой болсон. Сүүлийн 10 жилд төрийн албан хаагчдын тоо 39.3 хувиар өссөн. Сургууль баригдах болгонд багш нар, эмнэлэг баригдах бүрд эмч нарын тоо өснө. Ийм байдлаар төрийн албан хаагчдын тоо нэмэгдсээр ирсэн. Бид чиг үүргийн бүрэн шинжилгээ буюу чиг үүргийн давхардлыг арилгах чиглэлээр тодорхой ажлуудыг хийсэн. Чиг үүргийн давхардлыг арилгаж зарим үйлчилгээг цахимд шилжүүлэх, давхардсан чиг үүргийг нэгтгэх чиглэлээр нийтдээ 2.2 их наяд төгрөгийг хэмнэх тодотгол хийсэн. Ингэснээр эдийн засгийн өсөлтийг 5.7 хувьд тооцох бололцоо бүрдсэн. Есөн хувийн цомхотгол хийнэ гэж бүгдийг нь тайрч, бүх түвшинд есөн хувийг цомхотгоно гэсэн үг биш. Өнгөрсөн хугацаанд төрийн хэмнэлт бүтээмжийн зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу чиг үүргийн шинжилгээ хийгээд есөн хувийн цомхотголыг хийхдээ хэн нэгний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр давхардсан чиг үүргүүдийг нэгтгэж чадсан. Ингэснээр цалингийн зардал 683.2 тэрбум төгрөгөөр, төсвийн хэмнэлт 815.5 тэрбум төгрөгөөр буюу төсвийн нийт зардлын 2.85, ДНБ-ий 1.22 хувьтай тэнцэх хэмжээний хэмнэлт болж чадсан. Энэ нь чиг үүргийн давхардлыг арилгасны үр дүн гэж үзэж байгаа. Үүний зэрэгцээ бид бодлогын шинэчлэлүүдийг хийж байна. Ерөнхий сайдын зарласан дижитал пост гэдэг санаачилга амжилттай хэрэгжиж байна. Үүний үр дүнд Засгийн газар мэдээлэл технологийн виртуал бүсийг байгуулан компаниуд онлайнаар үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг амилуулах журмуудыг Засгийн газрын хуралдаанаар лхагва гарагт баталсан хэмээн хариуллаа.









Эх сурвалж: УИХ-ын ХМГ 

Холбоотой мэдээ