УИХ-ын гишүүний тэтгэмжийг хүчингүй болгох өргөдлийг 100 мянган иргэн дэмжжээ
Нийгэм
Иргэн Ц.Батболд D.Parliament.mn цахим хуудасд УИХ-ын гишүүний тэтгэмжийн тухай заалтыг хүчингүй болгох өргөдөл гаргаж, иргэдийн дэмжлэгийг цуглуулж эхлээд байгаа билээ. Харин тус өргөдлийг 100 мянга гаруй иргэн дэмжээд байна.
Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт заасан “Гишүүний бүрэн эрх дуусгавар болсон бөгөөд тухайн үедээ ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд УИХ-ын гишүүний үндсэн цалингийн хэмжээнд тэтгэмж олгоно” гэсэн зохицуулалтыг хүчингүй болгох санал юм.
Иргэн Ц.Батболд уг заалт нь энгийн иргэдийн хөдөлмөрийн хөлсний тэгш байдлыг алдагдуулж, гишүүдэд давуу байдал олгож байгаа нь Үндсэн хуулийн зарчимтай зөрчилдөж байна гэж үзэж буй. Тиймээс дээрх заалтыг хүчингүй болгох өргөдөл гаргаж, цахимаар иргэдийн гарын үсгийг цуглуулж байгаа нь хэдийнээ 100 мянгад хүрчээ. Тиймээс уг өргөдлийг УИХ-ын холбогдох байнгын хороо хэлэлцэж, шаардлагатай бол хуулийн төсөл санаачлах боломж бүрдлээ.
Санал хураалтын хугацаа энэ сарын 28-нд дуусна. Иргэн Та өргөдөлд дэмжлэг үзүүлэхийг D.Parliament.mn цахим хаягт нэвтэрч гарын үсгээ өгөх боломжтой юм.
Холбоотой мэдээ