УИХ: СЕХ-ны дарга, гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ
Улс Төр
Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.12.18) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа танилцуулав.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Пүрвээгийн Дэлгэрнаран Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлөгдөх тухай хүсэлтээ Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасны дагуу 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын Их Хурлын даргад ирүүлсэн байна.
Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцжээ.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Пүрвээгийн Дэлгэрнаранг өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлөхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Мөн Сонгуулийн ерөнхий хорооны даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байхыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, нарийн бичгийн дарга Даваанямын Даваа-Очирт даалгахаар тогтсон байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу явуулах санал хураалтыг хойшлуулав. Нэгдсэн хуралдаан Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх тухай асуудлын хэлэлцүүлгээр үргэлжилж байна.
Сэтгэгдлүүд