Жуулчдын анхааралд: Хөвсгөл нуурын мөсөн замын нөхцөл байдлын талаарх мэдээлэл
Нийгэм

Хуучин жишгээр далайн мөс 70 см зузаанд хүрэхэд хяналттайгаар зам нээдэг байсан. Харин одоогийн нөхцөл байдалд Хөвсгөл нуурын мөс хангалттай бэхжээгүй, замаар явахад эрсдэл өндөр хэвээр байна.

ОДООГИЙН БАЙДЛААР
•Жиглэг–Хачим–Харус орчимд мөсний зузаан ойролцоогоор 45 см
•Мөс бяцралтай, хар хилнүүд огт шахаж чадаагүй
•Далайн зам Модонхүй арлын араар гарсан бөгөөд урдуур нэлэнхүйдээ орзонтой тул явах боломжгүй
•Хойгуур гарч буй зам нь гөлгөр, зам тодорхой бус, нимгэн, хил гарч болзошгүй бяцралт ихтэй байна.

АНХААРАХ ЗҮЙЛС
1.Шөнө далайгаар явахгүй байх
2.Цаг агаар муудаж байхад далай дээр гарахгүй байх (газрын баримжаа алдаж, цоорхой руу орох аюултай)
3.Газрын баримжаа алдвал явахгүй, зогсох
4.Орон нутгийн хүмүүсээс замын байдлыг заавал лавлах
5. Мэдэхгүй газраар далайн зах руу ойртохгүй байх
6. Машин хоорондоо хол зөрөх, дангаар явахгүй байх
7. Туршлагагүй жолоочид маш болгоомжтой явах, далай бол тоглоомын талбай биш
8. Нэг машин явсан гээд аюулгүй гэж бодохгүй байх (дараа нь хил гарч болдог)
9. Хаалт, тэмдэг тэмдэглэгээг сайтар анхаарч, хаалтгүй гээд дур мэдэн явахгүй байх
10. Хар, цагаан хил гардаг газрууд бий — хар хил харагддаггүйг онцгой анхаар
ОНЦГОЙ ЭРСДЭЛТЭЙ БҮСҮҮД:
Тойлгот, 13 овоо орчим, Үрэнай орчмын эрэг, Модот булан, Онголог нуурын зах, Хилт нуурын залгаа, Гижгэнтийн булаг, Харусны рашааны ам, Ходон голын ам, Хороо голын ам зэрэг газруудад олон цоорхойтой байна.
САНУУЛГА
“Мэддэг” гэж бүү эндүүрээрэй. Болгоомжтой байж, аль болох далайгаас хурдан гарахыг эрхэмлэнэ үү. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам,
Хөвсгөл аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар