Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийнхөн Үндэсний баялгийн сангийн менежментийг сайжруулах талаар санал солилцлоо
Нийгэм
Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ээлжит хурал 2026 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр боллоо.

Засгийн газрын үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, цаг үеийн нөхцөл байдалд тохирсон эдийн засгийн хөгжлийн бодлого, түүнд чиглэсэн судалгаа, зөвлөмж болон төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг уялдуулан ажиллах зорилготой тус Зөвлөлийн хурлаар Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, стратегийн болон үүсмэл ордуудад үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдэд төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох хэлэлцээний үр дүнгийн талаар холбогдох албан тушаалтнууд танилцууллаа.

Стратегийн болон үүсмэл ордуудад төрийн хувь, хэмжээг тогтоох хэлэлцээний гол зорилго бол хувь эзэмших үү, татвараар орлуулах уу гэдэг маргаан биш. Харин аль хувилбараар ард түмэнд илүү тогтвортой, урт хугацааны өгөөж очих вэ гэдгийг бодитоор шийдэхэд, жишиг тогтооход оршиж байна. Төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөц, илэрцийг нь тогтоосон ордуудад төр хуулийн хүрээнд хувь эзэмшиж, баялгийн өгөөжийн дийлэнхийг ард түмэнд хүртээх нь зүй ёсны асуудал” гэж Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо.

Засгийн газраас Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Баялаг бүтээгчдийг дэмжих тухай болон Татварын багц хуулийн төслийг санаачлан боловсруулж УИХ-д өргөн бариад байгааг болон бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр Засгийн газар онцгой анхаарч ажиллаж буйг дурдлаа.
Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гишүүд Үндэсний баялгийн сангийн хуримтлал, зарцуулалтын уялдаа, стратегийн ордууд төр, хувийн хэвшлийн түншлэлийн оновчтой загвар, бизнесийн орчинд ойлгомжтой, урьдчилан таамаглах боломжтой эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар байр сууриа илэрхийлж, саналаа солилцлоо.