УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: МАН намынхаа зовлонг төрийн зовлон болгохоо одоо зогсоо

Улс Төр
tankhil99@onlinetvmn.com
2026-03-19 04:38:32
Тэрээр сөрөг хүчний байр сууриа хамгаалж дараах тайлбарыг хийлээ. "Д.Амарбаясгалан Их хурлын дарга байхдаа МАН-ынхаа даргаар сонгогдох үед бид бас энэ шаардлагаа тавьсан. Олонхийг бүрдүүлж байгаа намын дарга парламентыг удирдаж болохгүй гэдэг зарчмын шаардлагын дагуу Д.Амарбаясгалан хурал удирдахаа больж удалгүй УИХ-ын даргын ажлаа өөрийн хүсэлтээр өгч байсан. Залуу дарга маань харин цөөнхийн зүгээс хэзээний л тавьж ирсэн зарчмын шаардлагыг “Хоосон улстөр, хийрхэл” гэж хэлээд Их хурлын даргын индрээс хэвлэлийн хурал хийгээд сууж байдаг.
Н.Учралыг МАН-ын дарга болсоны дараа УИХ-ын даргаар томилох санал хураалтад би татгалзсан санал өгсөн. Зарчим бол зарчим. Ялсан намын дарга нь Ерөнхий сайдаа хийгээд явах хэрэгтэй. Намдаа албан тушаалгүй, Их хуралд төрсөн нутгаасаа нэр дэвшээд уначихсан хүнээр Ерөнхий сайд хийлгэхээр хариуцлага гэж юм хана мөргөөд өнөөдрийг хүртэл дорвитой ажил хийсэнгүй. Үндсэндээ Г.Занданшатар гэдэг хүн Ерөнхий сайдын суудлаар Ерөнхийлөгчийн сонгуулийн пиараа л хийгээд суугаад байгаа.
Н.Учрал ажилсаг. Би мэднэ. Тиймээс ялсан намын даргын хувьд Ерөнхий сайд болж улсын ачааг үүрч, өөрчлөлт, чөлөөлөлтөө өөрийн гараар, өөрийн манлайллаар хийх ёстой. Тэрнээс парламентийг хуруугаараа хөдөлгөх гэсэн хэн нэгний хүслийг белүүлдэг “урт бороохой” болоод хөмсөг зангидаад суух нь дэндүү харамсалтай.
Эрх баригч МАН парламентад 68 суудалтай. Олонх ирцээ бүрдүүлээд явах бүрэн боломжтой бас үүрэгтэй. Харин тэгэж чадахгүй байгаа нь парламентийн, Ардчилсан намын бүлгийн биш МАН-ын дотоод зөрчилдөөнийх нь л асуудал. Намынхаа зовлонг төрийн зовлон болгохоо одоо зогсоо. Байх ёстой байр байраа эзлээд ажлаа хийцгээе. Хийх, шийдэх асуудал мундахгүй их байна шүү дээ." гэж мэдэгдлээ.
Холбоотой мэдээ