Солонгосын дайныг дуусгах тухай гэрээний төслийн талаар зөвшилцөлд хүрчээ
Дэлхийд1950-1953 оны Солонгосын дайныг албан ёсоор дуусгах тухай баримт бичгийн урьдчилсан эх бичвэрийн талаар БНСУ, АНУ зөвшилцөлд хүрлээ гэж БНСУ-ын Гадаад хэргийн сайд Жон Ый Ён лхагва гарагт хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.
Солонгосын дайн буюу БНАСАУ /Умард Солонгос/, БНСУ-ын /Өмнөд Солонгос/ хооронд болсон зэвсэгт мөргөлдөөн 1950 оны зургаадугаар сарын 25-нд эхэлж, 1953 оныг хүртэл үргэлжилсэн юм. Энэ дайнд Өмнөд Солонгосыг АНУ ба өрнөдийнхөн, Умард Солонгосыг ЗХУ, БНХАУ зэрэг коммунист орнууд дэмжиж байсан бөгөөд талуудын хооронд түр эвлэрэх гэрээ байгуулсан учир одоог хүртэл албан ёсоор дуусаагүй байгаа билээ.
Сөүл, Пёньян, Вашингтон болон Бээжин энэ дайн дууссаныг албан ёсоор зарлахад бэлэн байгааг БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин 12 дугаар сарын 13-нд мэдэгдсэн юм.
“БНСУ, АНУ дайн дууссан тухай тунхагт гарын үсэг зурах нь чухал ач холбогдолтой болохыг өмнө нь нотолсон. Одоо талууд энэхүү баримт бичгийн төслийн агуулгын талаар тохиролцоонд хүрлээ" гэж Жон Ый Ён онцлон тэмдэглэжээ.
Үүний зэрэгцээ тэрбээр 2018 онд БНСУ-ын Пёнчан хотноо болсон өвлийн Олимпын наадмын үеэр болсон шиг Бээжинд удахгүй болох Олимпын наадам нь Солонгос хоорондын харилцааг сайжруулах “шалтаг” болж чадахгүй болов уу гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Гэсэн хэдий ч бид “Умардтай яриа хэлэлцээгээ дахин эхлүүлэх янз бүрийн хувилбарыг судалж байна” гэж тэрбээр цохон хэлсэн байна.
2019 онд Ханойд болсон АНУ, БНАСАУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалт үр дүнгүй өндөрлөснөөс хойш БНАСАУ, БНСУ-ын харилцаа "царцсан" хэвээр байгаа юм. Үүнээс хойш Пёньян харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа сэргээх Өмнөдийн бүх саналыг няцаасаар иржээ.