“Долоогийн бүлэг” худалдааны төвд өгсөн цохилтыг зэмлэн буруушаажээ
Дэлхийд “Долоогийн бүлэг”-ийн удирдагчид Украины Кременчук хот дахь худалдааны төвд өгсөн Оросын пуужингийн цохилтыг зэмлэн буруушаагаад, хамтарсан мэдэгдэлдээ уг явдлыг “дайны гэмт хэрэг” хэмээн тодорхойлжээ.
Украины эрх баригчдын мэдээлснээр, Оросын пуужин унах үед худалдааны төвд 1000 гаруй хүн байсан бөгөөд өнөө өглөөний байдлаар 10 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархадсан байна.
“Кременчукийн худалдааны төвд болсон жигшүүрт халдлагыг бид эрс зэмлэн буруушааж байна” гэж удирдагчдын хамтарсан мэдэгдэлд дурджээ.
Мөн “Долоогийн бүлэг”-ийн удирдагчид Украинд санхүүгийн, хүмүүнлэгийн болон цэргийн тусламжийг “шаардлагатай хэмжээгээр” нь үргэлжлүүлэн хангахаа мэдэгдсэн байна.
“Орос Украины эсрэг явуулж буй харгис хэрцгий, утга учиргүй дайнаа зогсоох хүртэл бид санаа амрахгүй” гэдгээ тэд мөн цохон тэмдэглэжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ