БНХАУ электрон тамхинд өндөр татвар ногдуулна
ДэлхийдСүүлийн үед дэлхий даяар их дэлгэрсэн электрон тамхийг утаат тамхинаас дутахааргүй хортой гэж мэргэжилтнүүд анхааруулж, зарим улс оронд татварын бодлогоор энэ тамхины хэрэглээг багасгахаар төлөвлөж байгаа юм.
Тухайлбал, Хятад улс электрон тамхинд давхар татвар оноохоор болжээ. SCMP сонины мэдээлснээр, 11 дүгээр сарын нэгний өдрөөс эхлэн электрон тамхины үйлдвэрлэл болон импортод мэдүүлсэн өртгийн 36 хувьтай тэнцэх хэмжээний татвар ногдуулахаар болсон байна. Үүний зэрэгцээ электрон тамхи худалдаалдаг дэлгүүрүүд энэ бүтээгдэхүүнийг борлуулсныхаа төлөө 11 хувийн татвар төлөх аж. Ингэснээр Хятадын зах зээл дээр электрон тамхины үнэ нэмэгдэнэ гэж эх сурвалж мэдээлжээ.
Мөн 2022 оны 10 дугаар сарын нэгний өдрөөс эхлэн Хятадад электрон тамхины улсын стандарт үйлчилж эхэлсэн. Энэ стандартад зааснаар бүх электрон тамхи хүүхэд, өсвөр насныхны анхаарлыг татахааргүй байх, мөн шингэн бүхий сав нь нэг удаагийнх байх ёстой аж. Үүнээс ч өмнө, өсвөр насныхныг электрон тамхинаас хамгаалах үүднээс энэ бүтээгдэхүүнийг цахимаар худалдаалахыг 2019 онд хориглосон аж.