Иргэд: Манай говийг малаар бол өрийг нь цоолоод гэдсийг нь гаргачихсан
НийгэмБаянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын иргэд нутаг усаа хамгаалахын тулд "Эрдэнэ Монгол" компанийн талаарх баримт дэлгэж хэвлэлийн хурал хийлээ.
Баянхонгор аймгийн уугуул С.Зоригт-баатар: "Эрдэнэ Монгол" компани орд ашиглахын тулд орон нутгийн иргэдийг шат шатанд нь авилгадаж байна
2010 оноос хойш ОУ-ын хөрөнгийн бирж дээр говийн бүсэд Алтны бүслүүр олсон гэх агуулгаар мэдээлэл түгээж 270 гаруй сая төгрөг босгоод тэр мөнгөөрөө орон нутаг, малчид, ЗГ-ын төлөөлийг авилгадаад маш олон лиценз хууль бусаар эзэмшсэн компани байгаа. Энэ компанийн толгой нь "Эрдэнэ ресуэрс девелопмент кропрэйт", доороо олон охин компанитай.
Сэгс цагаан богд гээд найраглалд гардаг мазаалай болон ховор ан амьтантай, эмийн ургамалтай, тэмээн сүрэг бэлчдэг сайхан говь нутгийг сүйрүүлэх гэж байна. Социализмын үед энэ ордыг ахмад геологичид мэддэг байсан. Оюутолгойгоос 4 дахин том ийм ордыг стратегийн орд гэдгийг нь мэдэгдүүлэхгүй, нуухын тулд лицензийг нь маш олон хэсэг болгон жижиглэсэн. Хамгийн жижиг нэг лицензийн нөөж нь 10 тонн гэж гарсан. Та бүхэн мэдэж байгаа Бороо голд бол 7 тонн алтны нөөцтэй гээд 50 тонн алтыг нь ухаад гарсан. Өнгөрсөн 30 жилд бид алтаа ухаад хөгжиж чадсангүй ээ. Алт хөтөлбөр гэж хэрэгжүүлээд Монгол улсын 5 иргэний 3 нь ядуу болсон.
Баянхонгорынхон бол зөндөө алттай газар. Бөмбөгөр гэж сум байгаа. Алтаа ухаад бөөн ухсан нүх үлдсэн. Баян-Овоо гэж сум бий. Алтаа ухаад бас баахан нүх үлдсэн. Цианид алдагдаад хүн хордоод, баахан мал үхээд баан юм болж байсан. Одоо "Эрдэнэ Монгол"-ынхон ичихгүй хэлж байгаа алт ухна, цианид натри хэрэглэнэ гэж байгаа. Ингэхдээ уг компани процессийн хэд хэдэн алдаа гаргасан. Нутгийн иргэдэд шат шатанд нь авилга өгсөн. Малчдыг доромжилж чихэр боов, гурил будаа тараасан. Залуучуудад нь 500, 500 мянган төгрөг данс руу нь шилжүүлсэн. Гуравдугаарт аймгийн удирдлагуудад 28 тэрбум төгрөгийн авилга өгнө гэдгээ хэлсэн. 7.5 тэрбум төгрөгөөр нь хамтын ажиллагаа нэрээр гэрээ хийсэн. Одоогоор 2.5 тэрбум төгрөг нь аймгийн дансанд орж байгаа. Энэ гэрээнд сумын удирдлагууд оролцоогүй, гэрээг нь зөвшөөрөөгүй байхад хүч түрээд ажиллаж байна. Дөрөвдүгээрт, лицензээ авахын тулд нэр бүхий улс төрчдөд хэдэн төгрөгийн авилга өгснийг бид мэдэхгүй байна. Мэдэж байгаа нотолгоотой зүйл нь бол гурав дөрвөн шатанд авилга өгч,м хүч төрөн ажлаа эхлүүлэх гэж байна. Зургаан лицензийн 2 нь аль хэдийнээ А болчихсон ажил нь эхэлж, алт ухах гэж байна.
Нутгийн иргэд бол төр засгаас юу ч гуйгаагүй. Ажлын байр, мөнгө, халамж гуйгаагүй. Гаднынхныг баяжуулж, нутаг усаа ухуулах дээрээ тулах юм бол бид бурхан шүтээн, алт мөнгө, ээмэг бөгж, аяга сэлтээ өгье. Ганц эх нутгийг минь хэвээр нь үлдээж, мазаалай баавгай, ховор ан амьтад байдаг алтан нутгийг нь бүү сэндийлээч ээ гэж гуйж, хүсч байгаа юм.
Баян-Өндөр сумын иргэн Ч.Чогсом: Баялагтай нутгийн иргэд зовдог юм байна.
Баялагтай нутгийн иргэд зовдог юм байна. Бид төр засгаасаа элдвийн юм гуйдаггүй харин ч дарамтгүй амьдрах хүсэлтэй. Канадын хөрөнгө оруулалттай гадны компаниудыг шүтдэгээ болимоор байна. Бид гаднынхны дор хүлцэнгүй амьдарч байна. Манай өндөр албан тушаалтнууд бол гаднынхны заавраар ажиллаж байгаа хотны нохойтой нийлсэн чононууд. Бид энэ газар нутгаа өвөг дээдсээсээ бүрэн бүтэн авсан, үр хүүхдэдээ бүрэн бүтнээр нь хүлээлгэж өгнө. Төр засагт хэлэхэд энэ гаднын нөхдүүдийг өнөө маргаашгүй зайлуулаад өгөөч ээ гэж шаардаж байна. Хаа байгаа 1000 гаруй км-ийн цаанаас малаа хаяад энд ирж байгаа нь нутаг усанд минь өгсөн энэ лицензээ хурдан цуцлахыг шаардаж байна.
Шинэжинст сумын "Сэгс цагаан богд" нутгаа хамгаалах иргэний хөдөлгөөний тэргүүн С.Даваасамбуу: Жинхэнэ тэмцэл одооноос эхэлнэ.
Бид төр засгаасаа биднийг энэ нутагт минь тайван амьдруулаач гэж хүсч байгаа юм. Говийн их дархан цаазат газрын А бүсэд дэлхийд нэн ховордсон ан амьтан, ургамал байдаг. Тэр бүс нутгийг сүйрүүлэх гэж байна. Сүйрэл болох гэж байна. Бид 2 жилийн хугацаанд мэдээлэл цуглуулах хэмжээнд ажилласан. Жинхэнэ тэмцэл одооноос эхэлнэ. Зөвшөөрөл өгсөн, авсан нөхдүүдээ бид жинхэнэ өргөн фронтоор тэмцлээ эхэлнэ. Лицензээ цуцалж, нутгийн иргэдийг тайван амьдруулж өгөөч ээ.
Шинэжинст сумын малчин Ц.Отгон: Бид унаган нутагтаа амьд явах эрхгүй болсон улс байна.
Бид унаган нутагтаа амьд явах эрхгүй болсон улс байна. Яагаад гэдгийг тайлбарлая. Уул уурхайн эхлэх зөвхөн хайгуулын шатанд явж байхад Монгол орны гайхамшигтай сайхан газрыг ёстой гамшиг болгосон. Малаар бол өрийг нь цоолоод гэдсийг нь гаргачихсан. Ийм байдалд хүргэсэн манай баруун говийг. Ан амьтан, ус ургамал нь Монголын гайхамшигт тооцогдсон тэр газарт алт авахын тулд үхэн хатан зүтгэж байна энэ төрийн өндөрлөгүүд нь. авахыг нь тулд хамгийн хортойд тооцогддог цианид натри гэж бодис хэрэглэнэ гэж байгаа юм. Эрдэнэ Монголд ажилладаг Өнөр-заяа, Ундрах гэж хоёр хүн их сайхан амлалт хэлээд айлуудаар явсан. Яг надад ингэж хэлсэн. Хортой бодис ашиглана гэхээр чинь бид нар нутаглах нутаггүй болно шүү дээ. яах вэ гэтэл 8 литрийг уусан байхад ч танд ямар ч хоргүй, таны шээсээр гадагшлаад л гарчихна гэж хэлсэн шүү дээ. Бид ямар нэгэн зүйл хүсээгүй зүгээр л эх нутагтаа тайван амьдармаар байна.
Үйлдвэр ажиллуулах нь байтугай уух ус ч хомстож байна манай говьд гэж ярьж буй эдгээр иргэд цааш нь "Эрдэнэ Монгол" компанийн Монгол талын захирал нь Н.Багабандийн охин Баярмаа гэж хүн байна. Монголын баялгийг гадаадынхантай хувааж идэхээр зэхэж байна. Монголчууд Багабанди гэж хүнд ямар өртэй юм." гэж ярьж байлаа. Мөн "Эрдэнэ Монгол" компанийг говьд уул уурхайн лиценз авсан ч ухах ухахгүй нь тодорхойгүй байхдаа ОУ-ын бирж дээр хувьцаа гаргаад 280 сая долларын хөрөнгө босгосон. Энэ бол залилан хийсэн компани гэх ноцтой мэдээллийг ч дэлгэсэн юм.
Иргэдийн мэдээлсэнээр "Эрдэнэ Монгол" компани уурхайгаа ажиллуулахын тулд Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр суманд тус бүр 1.5 тэрбум төгрөг өгнө гэж бүхэл бүтэн сумын 250 гаруй иргэдийг доромжилсон гэв. Оюутолгойгоос хойш нөхдүүд ухаантай болчихсон бүхэл бүтэн бүлэг ордыг 6 хэсэг жижиглэчихсэн явж байна. Угтаа бол төр хувь эзэмших стратегийн орд газар. Гэтэл төр засгийн тэргүүнүүд нь таг чиг сууж байгаад гайхаж байна гэж мэдээлэл хийсэн иргэдийн төлөөлөл үгээ хэлсэн юм.
Хоёр сумын хэмжээнд 45 лиценз байна.
Сэтгэгдлүүд