Барууны орнууд ОХУ-д хориг арга хэмжээ авчээ

Дэлхийд
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-02-23 02:59:27
ОХУ Донбасс дахь салан тусгаарлагчдын "тусгаар тогтнолыг" хүлээн зөвшөөрсний хариуд Барууны орнууд тус улсад хориг арга хэмжээ авч байгаагаа мягмар гарагт мэдэгдлээ.


Тодруулбал, АНУ, Их Британи, Европын Холбоо /ЕХ/ Оросын санхүүгийн байгууллагууд, компаниуд болон хувь хүмүүст хориг авсан байна.


Барууны орнуудын мэдэгдсэнээр, энэ нь эхний цуврал хориг арга хэмжээ юм. Хориг арга хэмжээний зорилго бол ОХУ Донбасс дахь салан тусгаарлагчдын "тусгаар тогтнолыг" хүлээн зөвшөөрч, харилцаа тогтоосноор ашиг хүртэхээс урьдчилан сэргийлэх явдал юм. Их Британи, ЕХ, АНУ Украиныг тойрсон хямрал улам дордвол арга хэмжээгээ чангатгах талаар хэлэлцэж байгаа аж. 


АНУ ОХУ-ын санхүү, элитүүдэд “цохилт өгөв”

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден мягмар гарагт Цагаан ордонд үг хэлэхдээ, ОХУ-д шинээр хориг арга хэмжээ авч байгаагаа мэдэгдсэн байна. 


“Бид Оросын санхүүгийн хоёр томоохон байгууллага болох "Внешэкономбанк" болон тэдний цэргийн банкийг бүрэн блоколсон хориг арга хэмжээ авч байна” гэж Ж.Байден мэдэгджээ. Гэхдээ тэрбээр цэргийн банк нь ямар байгууллага болохыг тодорхой дурдаагүй байна. АНУ-ын Ерөнхийлөгч мөн “Оросын улсын өрийн эсрэг иж бүрэн хориг арга хэмжээ авч байна” гэж мэдэгджээ. Түүний хэлснээр, “энэ нь АНУ Оросын Засгийн газрыг барууны санхүүжилтээс хасаж байна гэсэн үг” аж. Эдгээр хориг арга хэмжээ мягмар гаргаас хэрэгжиж эхэлсэн бөгөөд Ж.Байдены хэлснээр, лхагва гаргаас "Оросын элитүүд болон тэдний гэр бүл"-ийн эсрэг арга хэмжээ авна".


Ж.Байдены мэдэгдсэнээр, Вашингтон эдгээр хориг арга хэмжээг НАТО-гийн холбоотнуудтайгаа нягт уялдуулан бэлтгэжээ. Энэ нь Украинд явуулсан ОХУ-ын үйл ажиллагааны хариуд авсан эхний хориг арга хэмжээ бөгөөд цаашид улам өргөжүүлж, чангатгана гэж тэрбээр мэдэгдсэн байна.


АНУ мөн Балтын тэнгисийн орнуудад цэргийн оролцоогоо нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. “Балтын холбоотнууд болох Эстони, Латви, Литва улсуудыг бэхжүүлэхийн тулд Европт өмнө нь байрлуулсан цэргүүдэд нэмэлт хүч, хөрөнгө илгээхийг би зөвшөөрсөн. Эдгээр нь бидний зүгээс хийж буй хамгаалалтын алхам юм. Бидэнд ОХУ-тай байлдах зорилго байхгүй" гэж тэрбээр мэдэгджээ. 


ЕХ-ны хориг арга хэмжээ

Парист болсон Европын Зөвлөлийн /ЕЗ/ яаралтай хуралдаанд  оролцогчид ОХУ-ын эсрэг багц хориг арга хэмжээ авах талаар санал нэгтэй шийдвэрт хүрлээ гэж ЕХ-ны гадаад бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Жозеп Боррель уг хурлын дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. "24 цагийн дараа бид шийдэмгий байдлаа харуулж, шуурхай хариу өглөө. Орост асар их хохирол учруулах хориг арга хэмжээний багцыг батлах шийдвэрт санал нэгтэй хүрсэн" гэж тэрбээр хэлсэн байна.


Боррелийн хэлснээр, шинэ багц хориг арга хэмжээнд Донбассын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхийг дэмжсэн Төрийн Думын 35 депутатад авах арга хэмжээ багтсан байна. Үүнээс гадна, ЕЗ Донбасс дахь Оросын ажиллагааг санхүүжүүлж буй банк, байгууллагууд гэх зэрэг 27 хувь, хүн, хуулийн этгээдийг хар жагсаалтад оруулжээ. "ЕЗ бизнес эрхлэгчдэдээ БНДАУ, БНЛАУ-тай бизнес хийхийг хориглож, Оросын санхүүгийн болон хөрөнгийн зах зээлд нэвтрэх эрхийг нь хязгаарласан" гэж Ж.Боррелль хэлсэн байна. Тэрбээр мөн “Умардын урсгал-2” хий дамжуулах хоолойг ашиглалтад оруулах зөвшөөрөл олгох үйл явцыг зогсоох Германы шийдвэрийг сайшаажээ.


ЕХ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг ЕХ-ны шинэ хоригийн жагсаалтад оруулаагүй байна. Ж.Боррелль мөн ОХУ-ын үйл ажиллагааг дэмждэг Беларусийн өндөр албан тушаалтнуудад хориг арга хэмжээ авахад бэлэн байгааг Минскт анхааруулжээ.


Их Британийн шинэ хориг арга хэмжээ

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон мягмар гарагт парламентдаа үг хэлэхдээ ОХУ-ын таван банк, тус улсын Ерөнхийлөгч Владимир Путинд ойр гурван бизнес эрхлэгч болох Геннадий Тимченко, Борис Ротенберг болон үеэл Игорь Ротенберг нарыг хоригийн жагсаалтад оруулснаа мэдэгджээ.


“Бид Геннадий Тимченко, Борис, Игорь Ротенберг гэсэн гурван нэр хүндтэй этгээдэд хориг арга хэмжээ авч байна. Тэдний Их Британид байгаа бүх хөрөнгийг битүүмжлэн, нэвтрэхийг хориглож, Их Британийн бүх компани, хувь хүмүүст тэдэнтэй бизнес эрхлэхийг хориглож байна" гэж Б.Жонсон мэдэгдсэн байна.


Их Британийн Ерөнхий сайдын хэлснээр, ОХУ-ын "Россия" банк, "Промсвязьбанк", "Үйлдвэрийн хадгаламжийн банк", "Генбанк" болон "Хар тэнгисийн хөгжлийн банк" гэсэн таван банк хоригт өртсөн байна. Тус улсад эдгээр банкны хөрөнгө олдвол битүүмжлэх аж.


ОХУ-ын мэдэгдэл

ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мариа Захарова "BBC" компанид ярилцлага өгөхдөө, тус улсад авсан Барууны орнуудын хориг арга хэмжээ нь хууль бус хэмээн мэдэгджээ. “Бид эдгээр хориг арга хэмжээг хууль бус гэж үзэж байна.  Энэ нь  манай улсын хөгжлийг хойш татахын тулд Барууны орнуудын удирдагчид бидний эсрэг хэрэглэдэг цорын ганц хэрэгсэл гэдгийг бид эртнээс ойлгосон" гэж тэрбээр хэлсэн байна. Барууны орнуудад ОХУ-ын имиж муудсан тухай асуултад М.Захарова хариулахдаа, тэдний өөрсдийнх нь нэр хүнд "цусаар будагдсан" гэжээ.


Эх сурвалж: МОНЦАМЭ, DW

Холбоотой мэдээ