Бритнигийн хуримыг экс нөхөр нь үймүүлэв
ДэлхийдБритни Спирс найз залуу Сэм Асгаритай зургаан жил хамт байсны эцэст өчигдөр /2022.06.09/ хуримаа хийсэн юм. Тэд 2021 оны есдүгээр сард сүй тавьсан ч хуримын товоо хараахан зарлаагүй байсан.
Гэвч Бритнигийн экс нөхөр Жэйсон Александр уг хуримыг үймүүлжээ. Жэйсон Александр болон Бритни нар 2004 онд гэрлэсэн боловч энэ гэрлэлт нь ердөө 55 цаг л үргэлжилсэн.
Тэрбээр Калифорниа мужийн Таусенд Оакс хот дахь Бритнигийн гэрт нууцаар нэвтэрч, баривчлагдахаасаа хэдхэн минутын өмнө тэр Бритнигийн гэрийн хоёрдугаар давхар луу гарч буй бичлэгээ өөрийн инстаграм хуудастаа нийтлээд амжжээ.
Уг бичлэг нь 10 минут үргэлжилсэн бөгөөд Александр уулын энгэрээр гулсаж бууж ирээд, хашаа даван Бритнигийн гэр лүү оржээ. Замдаа хэд хэдэн хамгаалалтын ажилтнуудтай таарч, өөрийн нэр, зорилгыг илэн далангүй хэлсэн байна. “Би бол Жэйсон Александр. Бритнигийн анхны нөхөр. Би хуримыг сүйрүүлэхээр ирлээ” гэж тэр хэлжээ. Дараа нь “Бритни хаана байна?” гэж шаардсаар хоёрдугаар давхар луу гарсан. Энэ бүх үйлдэл нь инстаграм дахь бичлэгт нь үлджээ.
Цагдаа нарыг ирэхээс өмнө түүнийг хамгаалалтын албаныхан саатуулсан байна. Тэрбээр хамгаалалтын албаныханд хэлэхдээ, Бритни түүнийг хуримандаа урьсан гэжээ. Одоо Жэйсон Александрыг Вентура тойргийн цагдаагийн хэлтэст цагдан хорьж байна.
Калифорниа мужийн Таусенд Оакс дахь Бритнигийн гэр 12464 метр квадрат талбайтай, таван унтлагын өрөө, найман угаалгын өрөөтэй. Бритнигийн хуриманд 100 гаруй зочин уригдсан. Тэдний дотор Мадонна, Парис Хилтон, Селена Гомез, Гвинет Пэлтроу зэрэг алдартнууд багтсан байв.
Эх сурвалж: www.dailymail.co.uk