“Долоогийн бүлэг”-ийн удирдагчид Хирошимагийн музейд зочиллоо

Дэлхийд
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-05-19 10:17:15


"Их долоо" бүлгэмийн удирдагчид болон Европын Холбооны тэргүүлэгчид Япон улсын Хирошима хотын дурсгалын цогцолборт өнөөдөр зочиллоо. 


Японы ерөнхий сайд Фүмио Кишида гэргийнхээ хамтаар албан ёсоор тэднийг угтан авсны дараа хүндэт зочид дурсгалын музейд цаг орчмын хугацааг өнгөрүүлэв. Энэ үеэр үзмэрүүдийг ерөнхий сайд Ф.Кишида өөрөө тайлбарлан танилцуулсныг албаны эх сурвалж мэдээллээ.

"Их долоо"-гийн удирдагчид музейгээс гарч ирсний дараа атомын бөмбөгийн дэлбэрэлтэд өртөж амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн, хөшөөнд нь цэцэг өргөж, нэг хором чимээгүй зогсон эмгэнэл илэрхийлсэн юм.

Энэ үеэр Италийн ерөнхий сайд Ж.Мелони ихээхэн хямарсан нь ажиглагдсан бол Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон харамсаж буйгаа илэрхийлж, хэд хэдэн удаа Ф.Кишидатай гар барьж байв.

Япон улсын Гадаад Харилцааны Яам (ГХЯ)-ны хэвлэл мэдээллийн хэлтсээс өгсөн мэдээлэлд "Их долоо" бүлгэмийн удирдагчид дурсгалын музейд зочлоод цөмийн зэвсгийн бодит аюулыг ойлгож, амиа алдсан хүмүүсийн төлөө чин сэтгэлээсээ харамсаж буйгаа илэрхийлсэн тухай дурджээ. Мөн Оросын Холбооны Улс цөмийн зэвсгээр сүрдүүлж буй түрэмгий үйлдлийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүйгээ энэ үеэр мэдэгдсэн байна. 

"Их долоо" бүлгэм энх тайвны төлөө хамтдаа зүтгэхийн илэрхийлэл болгож, Хирошима хотын дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд интоорын мод суулгалаа. 

Нэмэлт мэдээлэл хүргэхэд, "Их долоо" бүлгэмд багтаж буй долоон улсаас АНУ, Их Британи, Франц цөмийн зэвсэгтэй юм.


Холбоотой мэдээ