Эпштейн агсантай нэр холбогдсон АНУ-д суугаа Их Британийн элчин сайд асныг Лондон хотын цагдаа нар баривчилжээ
Дэлхийд
АНУ-д суугаа Их Британийн элчин сайд асан Питер Мэнделсоныг өчигдөр Лондон хотын цагдаа нар албан тушаалаа урвуулан ашигласан хэргийн сэжигтнээр баривчилжээ.
Бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпштейн агсантай холбоотой баримтууд ил болсны
дараа 72 настай түүнийг өнгөрсөн оны есдүгээр сард элчин сайдын албан тушаалаас
нь огцруулсан юм.
Тэгвэл Жеффри
Эпштейнтэй холбоотой шинэ баримтуудын хүрээнд явуулсан мөрдөн шалгаглтын үр
дүнд Питер Мэнделсоныг зөвшөөрөлгүйгээр засгийн газрын мэдээлэл эсвэл
нууц бичиг өгсөн байж болзошгүй хэмээн сэжиглэн баривчилжээ.
Энэ явдал нь Эпштейнтэй холбоотой
баримт бичиг, захидал, имэйлүүд олон нийтэд ил болсонтой холбогдсон мөрдөн
шалгалтын үр дүнгийн нэг хэсэг гэж олон улс хийгээд Британи дахь хэвлэл мэдээлэл тайлбарлаж
байна.
Өнгөрсөн долоо хоногт Чарльз хааны дүү Эндрью Маунтбаттен-Уиндсорыг бас Эпштейн агсанд засгийн газрын нууц баримт бичиг дамжуулсан хэрэгт холбогдуулан түр баривчилсан билээ.
Ийнхүү Эпштейны хэрэг Их Британийн улс төрийн амьдралд томоохон дуулиан
дэгдээсэн бөгөөд одоогоор засгийн газрын хоёр албан тушаалтан огцроод байгаа
юм.
Жеффри Эпштейн нь 2019 онд бэлгийн мөлжлөгийн хэрэгт шалгагдаж байхдаа шоронд амиа хорлосон юм. Түүнтэй холбоотой үйл явдлыг он цагийн дарааллаар сийрүүлье!

2005 он
Флорида мужийн
Палм-Бич хотод насанд хүрээгүй охины эцэг эх цагдаад гомдол гаргаснаар мөрдөн
шалгах ажиллагаа эхэлсэн.
2006 он
Их тангарагтны шүүхээс
насанд хүрээгүй хүүхдийг биеэ үнэлэлтэд татан оролцуулсан хэрэгт буруутгах
үндэслэлтэй гэж үзсэн.
2008 он
Эпштейн прокурортой
хэлэлцээр хийж, холбооны хүнд ялаас мултарч,
-13 сарын хорих ял
-Ажлын цагаар шоронгоос гарах тусгай эрх авав.
Энэ “хөнгөн ял” нь
олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн.
2015–2018 он
Хохирогчид шинээр
нэхэмжлэл гаргаж, хуучин хэлэлцээрийг ил тод болгох шаардлага өрнөв. Хэвлэл
мэдээллийн мөрдөн сурвалжилга эрчимжив.
2019 оны 7 сар
Нью-Йорк хотод дахин
баривчлагдаж, холбооны түвшний хүний наймаа, насанд хүрээгүй хүүхдийн
бэлгийн мөлжлөгийн хэрэгт яллагдагчаар татагдав.
2019 оны 8 сарын 10
Шүүх хурал эхлэхээс
өмнө хорих ангид нас барсан.
Албан ёсны дүгнэлтээр амиа хорлосон гэж үзсэн ч олон нийтийн дунд эргэлзээ, хардлага
үлдсэн.
2020 он
Түүний ойрын
хамтрагч Ghislaine Maxwell баривчлагдав.
2021 оны 12 сар
Максвеллийг насанд
хүрээгүй охидыг татан оролцуулсан хэрэгт буруутай гэж шүүх тогтоов.
2022 он
Максвелл 20 жилийн
хорих ял сонсов.
2023–2024 он
Эпштейний баримт
бичиг, нислэгийн бүртгэл, холбоотой хүмүүсийн нэрс үе шаттай ил болж, дэлхий
даяар улс төр, бизнесийн нөлөө бүхий хүмүүсийн нэр холбогдсон тухай мэдээлэл
дахин хүчтэй яригдав.