АНУ: Аляска мужид мөсөн хавцал хайлж үерлэж байна

Дэлхийд
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-08-08 06:22:06


АНУ-ын Аляска мужийн нийслэл хотын дундуур урсдаг Менденхол гол үерлэж, эргээ халин, хоёр барилгыг нураан урсгажээ. Гол үерлэсэн шалтгаан нь голын эх авдаг нуурыг хүрээлэн тогтсон байдаг мөсөн хавцал их хэмжээгээр хайлсантай холбоотой юм.


Өнгөрсөн Ням гарагт Жүно хотод үерийн онцгой байдал зарлан, хүмүүсийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна. Мөнх цаст мөсөн хавцал, мөсөн голууд хайлж байгааг цаг уурын шинжээчид уур амьсгалын өөрчлөлттэй холбон тайлбарлаж байна. Мөсөн хавцал хайлснаар Менденхол нуурын түвшин 4.5 метрээр нэмэгдсэн нь, хамгийн өндөр үзүүлэлтийг харуулсан байна. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн 2016 онд нуурын усны түвшин 3,6 метрээр нэмэгдэж, дээд үзүүлэлтийг тогтоож байжээ. 2011 оноос хойш энэ нуурыг хашдаг мөсөн хавцал хайлж, усны түвшин нэмэгдэж эхэлсэн ч энэ удаагийнх шиг их хэмжээгээр үерлэж, байшин барилга урсгах хэмжээнд хүрч хайлсан нь анхны тохиолдол болсон тухай цаг уурын албанаас мэдэгджээ.

Иймд, хотын удирдлагууд иргэддээ голын ойролцоо зорчихгүй  байхыг анхааруулж байна. Мөн шатахуун түгээх станц, түлш нөөцлөгч зэрэг аюултай бодис хадгалдаг газрууд усанд автсан гэж анхааруулж байна. Үерийн усанд байшин барилга өртсөнөөс гадна, моднууд үндсээрээ булгаран усанд урсаж, гол замуудыг хаасан байдалтай байгаа юм. Одоо, үерт автсан зам талбайг чөлөөлөх, нөхөн сэргээх ажлыг онцгой байдлын алба болон бусад албаныхантай хамтран гүйцэтгэж байна. Уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлын нөлөөгөөр энэ мэт байгалийн гамшигт үзэгдэл хойшид гарах магадлал өндөр байна гэж цаг уурын шинжээчид анхааруулж байна. 2100 он гэхэд дэлхийн нийт мөсөн хавцал, мөнх цасны гуравны нэг нь хайлж дуусна гэсэн тооцооллыг дэлхийн цаг уурын байгууллагаас гаргажээ.

Мөн Арктикийн хамгийн хатуу, мөнх наст мөсний 95 хувь аль хэдийн хайлж дууссан гэдгийг хэлж байна. Далайн усны температур хойшид энэ хэвээрээ нэмэгдсээр байвал 2040 он гэхэд Арктик ямар ч мөсгүй болно гэсэн  тооцооллыг  ч эрдэмтэд гаргасан байна.

Холбоотой мэдээ