Gangwon 2024: Ерөнхий сайд Хан Дог Сү олимпын бэлтгэл ажилтай танилцав
ДэлхийдАзи тивд анх удаа болох залуучуудын өвлийн IV олимпын наадмын нээлт ирэх Баасан гарагт болно.
БНСУ-ын Канвон мужийн дөрвөн хотод болох олимпын наадмын бэлтгэл ажилтай Ерөнхий сайд Хан Дог Сү энэ долоо хоногт танилцжээ. "PyeongChang 2018" өвлийн олимпын наадмын байгууламжид болж буй энэ удаагийн наадмын бэлтгэл ажил бүрэн хангагдаж, тамирчдаа хүлээн авахад бэлэн болсон байна. Ерөнхий сайд Хан Дог Сү олимпын нээлт болох Каннин хотод хүрэлцэн ирж, Хэнгэд байрлах "Alpensia" цана, биатлоны талбай болон тамирчдын байрлах байрны бэлтгэл ажилтай танилцжээ.
"Gangwon 2024" залуучуудын өвлийн IV олимпын наадамд 80 орны 1950 тамирчин долоон спортын 15 төрөлд шилдгүүдээ тодруулна. Монгол улсаас гүйлтийн цана, биатлон болон уулын цанаар нийт 12 тамирчин олимпын эрхээ аван тив тивийн шилдгүүдтэй уралдахад бэлэн болжээ.
Монголын баг тамирчид эдгээр өдрүүдэд олимпын замд бэлтгэлээ хийж байна. Гүйлтийн цанын дасгалжуулагч Д.Баттулгаар удирдуулсан дөрвөн цаначин "Alpensia" цанын баазад бэлтгэлдээ гараад байгаа. Анх удаа уулын цанаар 2 тамирчин эрхээ авсан ба дасгалжуулагч С.Тэмүүлэнгийн хамтаар Пёнчан, Каннин хотод "Dream" хөтөлбөрт хамрагдан орон орны залуустай бэлтгэлээ хийж байна.
Германд буй биатлоны залуучуудын шигшээ баг ирэх долоо хоногт БНСУ-д ирэх хуваарьтай байна.
Ерөнхий сайд Хан До Сүгийн Засгийн газар 2023 онд дэлхийн жембориогийн майхант аялалыг авч цаг агаарын амаргүй шалгуурыг давж байсан бол 2024 оны эхэнд залуучуудын өвлийн олимпыг зохион байгуулахад бэлэн болжээ.
"Gangwon 2024" өвлийн IV олимпын наадмын нээлт нэгдүгээр сарын 19-д Каннин хотод болох ба Монголын багийн тэмцээн нэгдүгээр сарын 20-д биатлоноор эхэлнэ.
Олимпын мэдээллийг манай сайтаас хүээн авч үзээрэй.
Ч.БОЛОРЧУЛУУН (БНСУ, Каннин хот)