"Gangwon 2024": Монголын биатлончид тэмцээнээ дуусгалаа
ДэлхийдБиатлоны тэмцээнд тив тивээс шалгаран эрхээ авсан тамирчид дунд Монголын зургаан биатлонч багтсан билээ. Герман, Чех, Австри, Казахстан зэрэг оронд бэлтгэл сургуулилтаа хийсэн Монголын өсвөр, залуучуудын шигшээ баг анх удаа бүтэн багаараа оролцож, шилдгүүдтэй уралдлаа. Манай тамирчид тус бүр 2-3 зайд уралдаж, хувийн амжилтаа ахиулсан ба Ази тивд болсон олимпиос дараа дараагийн уралдаандаа хэрхэн бэлтгэхээ дүгнэж чадсанаа хэлж байв.
Биатлоны эрэгтэй, эмэгтэй зай тус бүрд Чех, Герман, Итали, Франц, Швейцарь, Словак, Норвеги, Украйн зэрэг орны тамирчид медальт байранд орж, дэлхийд данслагдах замналаа эхлүүллээ.
БИАТЛОНЧ Э.ЭНХСАЙХАН ТОП 12-Т ШАЛГАРЧ БАЙВ
Залуучуудын өвлийн олимпын наадмын Монголын багийн хувийн хамгийн том амжилт одоогоор "Lausanne 2020"-т уралдсан биатлонч Э.Энхсайхан билээ. Швейцарь улсад дөрвөн жилийн өмнө болсон III наадамд Э.Энхсайхан ТОП 12-т шалгарч, тив тивийн шилдгүүдийн эгнээнд бичигдэж эхэлсэн юм. Мөн тэрбээр "Бээжин 2022" олимпын наадамд эрх авахад тун ойрхон байлаа. "Lausanne 2020" залуучуудын олимпын наадамд эмэгтэй биатлонч Ч.Бямбасүрэн ч эрхийн болзол ханган олимпын цасан замд уралдсан. Энэ амжилтын араас "Gangwon 2024" наадамд өсвөр, залуучуудын шигшээ багийн залуусаас Борхүүгийн Сүхбат, Бямбадоржийн Тэмүүжин, Төртогтохын Амарсанаа, эмэгтэйд Хаш-Эрдэнийн Эрдэнэтунгалаг, Олександровнагийн Оюуцолмон, Дэмүүлийн Нямсүрэн нар Олимпын замд уралдлаа. Монголын биатлоны шигшээ багийн дасгалжуулагч Ц.Мөнх-Эрдэнэ (буудлага), Б.Бат-Эрдэнэ (цана) нар олимп, дэлхийн аварга А.Поповын хамтаар баг тамирчидаа удирдан ажиллаж, энэ удаа зургаан тамирчин эрхийн болзол хангасан нь тэдний ажлын үр дүнг өгч эхлэв. Тиймээс энэ удаагийн Олимпод гүйлтийн цана, уулын цанын тамирчдаас гадна биатлоны бүтэн багийн уралдаанд гол анхаарал өрнөж байлаа. Манай залуус тэмцээний эхний өдрөөс амжилтаа ахиулж, олимпын замд тив тивийн шилдгуудтэйгээ уралдлаа. 17-18 насандаа олимпын замд уралдсан биатлоны баг тамирчид маргааш эх орондоо очин хэсэг амарч дараагийн тэмцээндээ бэлтгэх юм.
ТЭМЦЭЭНИЙ ДҮН:
ХОЛИМОГ БАГ: 4×6 км (26 орон)
1. Итали
2. Франц
3. Чех
21. Монгол
22. Грек
23. Швейцарь
24. Словак
25. АНУ
26. Латви
ЭРЭГТЭЙ:
12.5 км (36 орны 101 тамирчин)
76-р байр: Б.Сүхбат (11 сум алдсан)
80-р байр: Б.Тэмүүжин (6 сум алдсан)
92-р байр: Т.Амарсанаа (10 сум алдсан)
7.5 км-ын спринт (101 тамирчин)
75-р байр: Б.Сүхбат (6 сум алдсан)
78-р байр: Т.Амарсанаа (4 сум алдсан)
88-р байр: Б.Тэмүүжин (3 сум алдсан)
ЭМЭГТЭЙ:
6 км-ын спринт (99 тамирчин)
77-р байр: Д.Нямсүрэн (5 сум алдсан)
78-р байр: Х.Эрдэнэтунгалаг (6 сум алдсан)
90-р байр: О.Оюуцолмон (6 сум алдсан)
10 км (37 орны 99 тамирчин)
86-р байр: Х.Эрдэнэтунгалаг (10 сум алдсан)
90-р байр: Д.Нямсүрэн (10 сум алдсан)
94-р байр: О.Оюуцолмон (10 сум алдсан)
Олимпын мэдээллийг "Alpensia" олимпын баазаас манай сайтын тусгай сурвалжлагч Ч.БОЛОРЧУЛУУН мэдээлж байна. Энэ удаагийн олимпын наадмын ивээн тэтгэгч "ЭРДЭНЭС ОЮУТОЛГОЙ".
(БНСУ, "Alpensia" олимпын бааз)