МОНГОЛ СУРГУУЛИЙН СУРАГЧИД ЦАНАЧДАА ДЭМЖИХЭЭР ОЧНО

Дэлхийд
tankhil99@onlinetvmn.com
2024-01-26 03:50:36
"Gangwon 2024" залуучуудын өвлийн олимпын наадмын гүйлтийн цанын тэмцээн нэгдүгээр сарын 29-д Пёнчан хотын Хэнгэ суман дахь "Alpensia" олимпын биатлоны талбайд эхлэх билээ. БНСУ-ын Канвон мужийн дөрвөн хотод болж буй залуучуудын олимпод тив тивийн 15-18 насны залуус шилдгүүдээ тодруулсаар байна.
Монголын цанын холбооны шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор өсвөр, залуучуудын шигшээ багийн дөрвөн тамирчин бэлтгэлээ хангаж байна.

Олимпын наадмын сүүлийн өдрүүдэд болох гүйлтийн цанын тэмцээнийг үзэхээр Сөүл хот дахь Монгол сургуулийн сурагчид, багш нарын хамт ирж тамирчдаа дэмжихээр болжээ. БНСУ-д амьдардаг монгол иргэдийн хүүхдүүд Монгол сургуульд суралцаж, дэлхийн аль ч орны Их, дээд сургуульд амжилттай төгссөөр байгаа билээ. Үе үеийн төгсөгчид нь эх орондоо болон дэлхийн бусад оронд боловсрол эзэмшин салбар бүрт амжилтын буухиаг эхлүүлж яваа нь Монгол сургуулийн үүсгэн байгуулагчдын ач тус гэж тэд бахархалтайгаар хэлж байна. Канвон мужид болж буй залуучуудын өвлийн олимпын наадмыг үзэхээр, шигшээ багийн залуусаа дэмжихээр сурагчид, багш нарын хамт ирэхээр болсон байна.
Энэ удаагийн өвлийн олимпын наадам Сөүл хотоос зүүн зүгт далайн эргийн Каннин хотод ойр болж байгаараа онцлог ба Монголын багийн дэмжигчид алс холоос ч ирсээр байна.
"Gangwon 2024" залуучуудын өвлийн олимпын IV наадмын 10 дахь өдөр буюу нэгдүгээр сарын 29-д гүйлтийн цанын тэмцээн ойрын зайн уралдаанаар эхэлнэ. Энэ өдөр манай дөрвөн тамирчин эхний уралдаанаа хийнэ. Мөн нэгдүгээр 30, хоёрдугаар сарын 1-д гүйлтийн цанын холын болон холимог багийн уралдаан болсноор өндөрлөх юм.

Олимпын мэдээллийг Onlinetvmn.com-р мэдээлж байна. Олимпыг дэмжигч "Эрдэнэс Оюутолгой"
Ч.БОЛОРЧУЛУУН (БНСУ, "Alpensia" олимпын хотхон)
Холбоотой мэдээ