Олимпын цасан замд уралдсан Кeни охин Эшли Шанда
Дэлхийд"Би хоёр настайдаа анх цанаар хичээллэсэн. Эхний үeд хэцүү байсан ч одоо 13 жилийг ардаа орхисон байна. Би Итали улсад амьдардаг. Гэхдээ эх орныхоо өмнөөс олимпын наадамд оролцож байгаадаа баяртай байна. Энэ олимпын наадамд оролцох нь миний хувьд гол зорилго минь байлаа. Би хичээж чадсан учраас олимпын наадамд ирсэндээ бахархалтай байна. Надад үнэхээр гайхалтай мэдрэмж их төрсөн. Олимпын наадмын нээлтийн өдрөөс эхлээд Монголын тамирчинтай хамт олимпын тугийг мандуулсан гээд сайхан үйл явдал олон болж байна. Та нартай ярилцах сайхан байна. Монголын сэтгүүлч нартай уулзаад улам л баяртай байна." гэж Кeни улсын гүйлтийн цанын тамирчин Эшли Шанда хэллээ. Тэрбээр гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн хоёр зайд уралдсан ч өөрийн амжилтандаа сэтгэл хангалуун байгаагаа хэлж байв.
Эшли Шанда ойрын зай буюу спринт уралдаанд 1:37.5 минутын цагийн амжилтаар 62-р байрыг эзэлсэн юм. Түүний хувьд ардаа 17 тамирчинг орхижээ. Мөн 7.5 км зайн уралдаанд 30:26.1 минутын амжилтаар 79 тамирчнаас 63-р байрыг эзлэв. Энэ удаа түүний ард 15 тамирчин орсон байна.
"Хүүхдүүдийн хувьд залуучуудын олимп бол эхлэл нь байдаг. Энэ том наадамд эх орноо төлөөлөн оролцоно гэдэг бахархал юм. Гүйлтийн цанын хувьд заавал эрхийн болзол ханган байж ордог. Тив тивийн залуус олимпод ирдэг учир зөвхөн энэ олимп гайхалтай болж байна. Кeни улсын хувьд уулын болон гүйлтийн цанын хоёр тамирчин ирлээ. Би Эшли охинтой олон жил ажиллаж байна. Бид хүссэн зорилгынхоо эхний хэсгийг биелүүллээ. Тиймээс сэтгэл сайхан байна. Бид чадлаараа хичээсэн учраас дараагийн удаа улам сайн хичээх болно. Та бүхэнд баярлалаа. Биднийг зорин ирж, цаг гарган ярилцсанд баярлалаа. Солонгост болж буй олимпын наадам сайхан болж байна. Баярлалаа." гэж Кeни улсын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч, Итали улсын иргэн Франчeско Барeлли хэллээ.
Кeни улсаас залуучуудын өвлийн олимпын наадамд анх удаа оролцсон 16 настай охины сурвалжлагаа хүргэлээ.
Олимпын мэдээллийг тусгай сурвалжлагч Ч.БОЛОРЧУЛУУН (БНСУ, "Alpensia" цанын бааз)
Олимпыг дэмжигч "Эрдэнэс Оюутолгой".