Монголын цаначид багийн уралдаанд 19-р байр эзлэв
ДэлхийдАзи тивд анх удаа болж буй залуучуудын өвлийн олимпын наадам өнөөдөр хаалтаа хийнэ. БНСУ-ын Канвон мужийн дөрвөн хотод болж буй олимпын наадмын сүүлийн өдөр гүйлтийн цанын багийн уралдаан болж, Монголын баг 19-р байр эзлэв.
Пёнчан хотын Хэнгэ дэх "Alpensia" биатлоны талбайд болсон гүйлтийн цанын багийн 4×5 км зайн уралдаанд 24 орноос Германы баг олимпын аварга болсон бол Франц, Швейцарын баг мөнгө, хүрэл мeдаль хүртлээ. Швeд, АНУ, Канад, Итали, Финланд, Эстон, Чехийн баг 4-10-р байр эзлэв. Харин Австри, Украйн, Словак, Польш, Словени, Казахстан, Латви, Австралийн баг 11-18-р байрт орлоо.
Монголын цанын холбооны шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор өсвөр, залуучуудын шигшээ багийн тамирчид амжилттай уралдаж, 19-р байр эзлэв. БНСУ, Хорват, Грек, Тайланд, Бразилын баг 20-24-р байрт орлоо.
"Gangwon 2024'" залуучуудын өвлийн олимпын IV наадамд Монголын гүйлтийн цаначид бүтэн багаараа оролцож, зай тус бүрдээ өндөр амжилт гаргасан юм.
Тэмцээний эхний өдөр болсон спринт буюу ойрын зайн(1.4 км) уралдаанд ОУХМ А.Хүслэн 35-р байр эзэлсэн ба манай тамирчин финалд уралдахад хоёр секунд дутсан юм.
Гүйлтийн цанын үндсэн зай болох 7.5 км зайн уралдаанд ОУХМ Т.Өсөх-Ирээдүй 22-р байрт орсон юм. Тэмцээний хоёр дахь өдөр болсон энэ уралдаанд 46 орны 79 тамирчин гараанаас гарсан ба манай тамирчин энэ удаагийн Монголын багийн хамгийн өндөр амжилтыг үзүүлэв.
Монголын цанын холбооны өсвөр, залуучуудын шигшээ багийн тамирчид "Gangwon 2024" олимпын наадамд амжилттай оролцож, маргааш эх орондоо очино.
БНСУ-ын Каннин хотын Олимпын мөсний ордонд уран гулгалтын багийн тэмцээн үдээс хойш болсноор олимпын наадам өндөрлөнө.
"Gangwon 2024" залуучуудын өвлийн олимпын IV наадмын мэдээллийг олимпын тусгай сурвалжлагч Ч.БОЛОРЧУЛУУН (БНСУ, "Alpensia" биатлоны талбай) мэдээллээ.
Олимпыг дэмжигч "Эрдэнэс Оюутолгой"