ХОЙД СОЛОНГОСЫН ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙНХӨН ОНЦГОЙ БАЙНА

Дэлхийд
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2024-02-07 00:03:55

Узбекистаны Ташкент хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн(АШТ) болж байна.
Энэ сарын 2-д эхэлсэн эхний өдрөөс Хойд Солонгос эрэгтэй, эмэгтэй тамирчид жин тус бүрт түрүүлэхдээ дэлхийн рекорд амжилтыг ээлжлэн шинэчлэн тогтоосоор байна. Олимп, дэлхийн аварга гээд олон алдартнууд цугларсан тивийн тэмцээнд 30 гаруй орон оролцож байгаа ба энэ тэмцээнээс "Парис 2024" зуны олимпын наадмын эрхийн оноо олгож байгаагаараа онцлог юм.


Манай улсаас Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Б.Дэнсмаа нарын удирдлага дор 14 тамирчин өрсөлдөж байна. Олимпын эрхийн оноо олгох хариуцлагатай тэмцээнд Ази тивийн аварга Г.Ануужин, залуучуудын ДАШТ-ий хүрэл, өсвөрийн Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт О.Төгс-Эрдэнэ, дэлхийн аварга, ДАШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, Дэлхийн цомын аварга, Азийн АШТ-ий алтан медальт, Гавьяат тамирчин М.Анхцэцэг нарын алдартай тамирчид багтсан.
2024 оны тивийн АШТ-ий тэмцээний шүүгчдийн зөвлөлд Олимпын шүүгч, олон улсын шүүгч Л.Одгэрэл багтсан юм. Түүний хувьд "Токио 2020" зуны олимпын наадмыг шүүсэн ба "Парис 2024" олимпын наадмыг шүүх эрхийг Монголын шүүгчдээс анхлан авсан билээ.
Мөн залуу шүүгч О.Баярцэцэг анх удаа насанд хүрэгчдийн Ази тивийн тэмцээнийг шүүх шүүгчдийн бүрэлдэхүүнд багтжээ. Түүний хувьд "Парис 2024" зуны олимпын наадмын эрх олгох энэхүү хариуцлагатай тэмцээнийг шүүж буй Монголын хоёр дахь шүүгч юм.

Одоогоор эмэгтэй 45 кг, 49 кг, 55 кг, 59 кг, эрэгтэй 55 кг, 61 кг, 67 кг-ын жингийн медальтнууд тодорсон ба Хойд Солонгосын тамирчид жин тус бүрт түрүүлээд зогсохгүй шинэ шинэ амжилтыг бичээд эхэлжээ. Харин Тайланд, БНСУ, Филиппин, Индонези, Казахстан, Тайвань, Вьетнам, Япон болон зохион байгуулагч Узбекистаны баг 1-2 мeдаль аваад байна.
Ташкент хотод болж буй хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэй 76 кг, 81 кг, 87 кг, +87 кг, эрэгтэй 81 кг, 89 кг, 102 кг, 109 кг, +109 кг жингийн аваргууд тодорч нэгдсэн дүн гарах юм. Тэмцээн энэ сарын 10-д өндөрлөнө.
Олимпын мэдээллийг Onlinetvmn.com-р хүргэж байна.

Холбоотой мэдээ