Өмнөд Солонгост үл хөдлөх хөрөнгийн зах зээл анхаарал татав
Дэлхийд
Өмнөд Солонгост орон сууцны үнийн өсөлт дахин эрчимжиж, Засгийн газар зах зээлийг тогтворжуулах бодлого боловсруулах шаардлагатай тулгараад байна.
Сүүлийн саруудад томоохон хотуудад байрны үнэ огцом нэмэгдэж, залуу гэр бүлүүдэд санхүүгийн дарамт учруулж эхэлжээ. Эдийн засгийн шинжээчид зээлийн бодлого болон татварын зохицуулалтад өөрчлөлт орох магадлалтай гэж үзэж байна.
Өнөөдөр өглөө ерөнхийлөгч сошиал хуудсаараа дамжуулан Сөүл хотын олон орон сууц эзэмшигч иргэдэд ээлжит анхааруулгаа өгсөн байна.
Тэрбээр орон сууцны үнэ цаашдаа өсөх зах зээлийн хүлээлт суларч байгаа тухай мэдээний холбоосыг X хуудсандаа хуваалцаад “Иргэд үл хөдлөх хөрөнгийн зах зээл, ялангуяа Сөүл хотын орон сууцны зах зээлийн хэвийн бус байдлыг ойлгож, үүнийг зохицуулах хүчин чармайлтыг дэмжиж байна” гэж бичжээ.
“Засгийн газарт зохицуулалт, татвар, санхүү, нийлүүлэлт зэрэг үнийг тогтворжуулах хүчирхэг арга хэрэгслүүд бий. Асуудлын гол нь эрх баригчдад хүсэл эрмэлзэл, шийдэмгий байдал байгаа эсэхэд оршиж байна” гэж И Жэ Мюн цааш нь бичсэн байна.
Мөн иргэд олон орон сууц эзэмших, хөрөнгө оруулалтын зорилгоор өмчлөх эрхтэй ч “энэхүү хэвийн бус байдлыг зохицуулахтай холбоотой эрсдэл, хариуцлагаас зайлсхийж чадахгүйг” анхааруулжээ.
Түүний засгийн газар тавдугаар сард үл хөдлөх хөрөнгийн өндөр татвар үйлчилж эхлэхээс өмнө илүү орон сууцаа зарах өршөөлийн хугацаа зарласан юм.
Ерөнхийлөгч И Жэ Мюн дээрх хугацаанд багтаж илүү орон сууцаа зарахыг иргэдэд удаа дараа уриалж байгаа. Тэр бас олон орон сууц эзэмшигчдэд зориулсан зээлийн хугацааг сунгах, дахин санхүүжүүлэх журмыг хянаж үзэх даалгаврыг засгийн газар болон ерөнхийлөгчийн тамгын газарт өгчээ.
Эх сурвалж: Yonhap News
Сэтгэгдлүүд