Шатахууны хилийн үнэ тонн тутамд 38 ам.доллараар нэмэгджээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2021-08-12 06:30:31

Олон улсын зах зээл дээр газрын тосны үнэ энэ оны эхний хагас жилд 45 хувиар өсөж, нэг баррель нь 80 ам.долларт хүрч байна. Энэ нь манай улсад шатахууны үнэ өсөх нөхцлийг бүрдүүлж байна. 

Өргөн хэрэглээний 1 литр АИ-92 шатахууны жижиглэн борлуулалтын үнийг УУХҮЯ-ны мэдээлэлд тооцсоныг танилцуулвал, энэ оны 7 дугаар сард ОХУ-аас хилийн Наушки өртөөгөөр орж ирсэн 1 тонн АИ-92 шатахууны хилийн үнэ 695 ам.доллар байв. Америк долларын ханшийг 2852 төгрөгөөр тооцвол энэ нь 1,982,140 төгрөг болж байна.




Үүн дээр:

  • гаалийн албан татварын 5 хувь буюу 109,089 төгрөг,
  • автобензин, дизелийн түлшний албан татвар 25,700 төгрөг,
  • төмөр замын тээврийн зардал 16,400 төгрөг,
  • Толгойт өртөөнөөс агуулах хүртэлх автомашины зардал хот дотор 4200 төгрөг,
  • импортлогч компаниудын үйл ажиллагааны дотоод зардал 332,000 төгрөг,
  • НӨАТ 245,955 төгрөг,
  • жилийн 18 хувийн хүүтэй зээлийн нэг сард ногдох хүүгийн зардал 40,583 төгрөг тонн тутамд тус тус нэмэгдэж байна. Ингэснээр 1 литр АИ-92 шатахууны үнийн өртөг 2032 төгрөг болж байна.


Монгол Улс шатахууныг 100 хувь импортоор, Сингапурын биржийн үнээр худалдаж авдаг.




Монгол Улсад энэ 8 дугаар сард нийлүүлэх АИ-92 шатахууны хилийн үнэ тонн тутамдаа 38 ам.доллараар нэмэгдэж, 733 ам.доллар болсон. Ингэснээр 1 литр АИ-92 шатахууны өөрийн өртөг 2125 төгрөг болж байна. Эндээс харахад манай улс дахь шатахууныг жижиглэн борлуулалтын үнэ гадаад зах зээл дэх газрын тосны үнэ, ам.долларын ханш, шатахууны хил үнээс шууд хамаарч байна. Гэхдээ манай улсад борлуулж байгаа газрын тосны бүтээгдэхүүн ашиг нэмсэн үнээр биш, өөрсдийн өртөг, тэрч бүү хэл өртгөөсөө доогуур үнээр хэрэглэгчдэдээ хүрч байгааг албаныхан хэлж байна.



Холбоотой мэдээ