Коронавирусний дельта хувилбар шинэ тохиолдлуудын 35-80 хувийг эзэлж байна

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2021-08-20 07:58:33


Коронавирусний дельта хувилбар сүүлийн 14 хоногт орон нутагт төдийгүй Улаанбаатарт нэмэгдэх эрсдэл бий. Улсын хэмжээнд өдөрт шинээр батлагдаж байгаа тохиолдлын 35-80 хүртэл хувь нь дельта хувилбар байна.Эрүүл мэндийн яам өнөөдөрийн ээлжит мэдээлэлийнхээ үеэр сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд мөрдөгдөх дүрэм журам КОВИД-19-ийн нөхцөл байдлын талаар танилцууллаа.



ЭМЯ-ны Нийтийн ЭМ-ийн хариу арга хэмжээ, халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн хэлтсийн дарга Д.Баярболд хэлэхдээ, "Эрүүл мэндийн сайд болон Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан тушаалаар өчигдөр хоёр журам батлагдсан. Улаан болон улбар шар түвшинд танхимын болон зайн хэлбэрээр хичээллэнэ. Бид танхимаар хичээллэх асуудлыг зохицуулахаар зөвлөмжийг өгч байгаа. Уг журмаар 4-5 настай хүүхдийн бүлгийг ажиллуулах, анги дүүргэлтээр нэг хүүхдэд 1.5 ам метрээс доошгүй талбай ногдох бөгөөд 15-25 хүүхэд нэг ангид хичээллэнэ. Мөн сургалтыг холимог буюу цахим, танхимын хичээлээр явуулах тул эцэг эхчүүд хүүхдээ өөрсдийн сонголтоор явуулна. Түүнээс гадна, цэцэрлэг болон ЕБС-ийн сурагчдыг амны хаалтаа авах, хоорондоо хэт ойр байдаг буюу биеийн тамир, дуу хөгжмийн хичээлийг зөвхөн онолын хэлбэрээр зохион байгуулахаар болсон. ЕБС-ийн сурагчид 5:9-ийн зарчмаар хичээллэнэ. Мөн хүн амын дунд зонхилон тархсан вирусний хувилбараас хамаарч 4:10 гэсэн зарчмаар хичээллүүлэх юм" гэв.


Сургууль, цэцэрлэгт халдвар гарвал тухайн ангийг долоо хоног цахимаар хичээллүүлж, шинжилгээ авч танхимаар хичээллэх эсэхийг шийднэ. Харин гурваас дээш бүлэгт хоорондоо хамааралгүйгээр халдвар гарсан тохиолдолд долоо хоног цахимаар хичээллэнэ. Цар тахлын эсрэг вакцинд хамрагдаагүй 12-оос доош насныхын хувьд, ангид нэг хүүхэд халдвар авбал ангиар нь долоо хоног цахимаар хичээллүүлнэ. Харин 12-оос дээш настай ангиудад нэг ангиас гурван тохиолдол бүртгэгдвэл зайн хэлбэрт шилжинэ. Сургууль, цэцэрлэгийн бүх хаалгыг ашиглаж хүүхдүүдийг аль болох зайтай байх боломжоор хангана.


Сургууль, цэцэрлэгүүдэд:

  1. Тандалт судалгаа, хавьтал тодорхойлох баг ажиллана
  2. Угааж цэвэрлэхэд хялбар, цөөн тооны тоглоом ашиглана мөн эцэг, эхчүүд хувцас солих өрөөнд орохгүй, хүүхдийн хичээлийн хэрэгслийг тогтмол угааж, цэвэрлэнэ
  3. Янз бүрийн уралдаан тэмцээн, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй
  4. Эцэг, эхийн хурлыг цахимаар хийнэ
  5. Хүүхдийг унтуулахдаа хөл, толгой гэдэг зарчим баримтлах
  6. Нэг хүүхэд, нэг ширээ, нэг ангид 20-25 хүүхэд хичээллэнэ
  7. Сурагчдаар ангийн цэвэрлэгээ хийлгэхгүй
  8. Ариун цэврийн өрөө ашиглах хуваарь гаргах
  9. Цонх салхивчийг байнга онгойлгож агааржуулалт сайн хийх 
  10. Сургуулийн багш, сурагчид маск заавал зүүх
  11. Цэцэрлэгийн багш, ажилчид маск заавал зүүнэ харин хүүхдүүд ангидаа маск зүүхгүй 
  12. Сургууль, цэцэрлэгийн дотуур байранд хүүхдүүдийг сод, давс, нимбэгний уусмалаар ам зайлуулах арга хэмжээг авна.
Холбоотой мэдээ