Нийслэлийнхнийг ундны усаар хангах Гүн цэвэршүүлэх үйлдвэрийн шавыг тавилаа

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2021-08-20 12:37:00

/МОНЦАМЭ/. Нийслэлд Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн шавыг өнөөдөр Сонгинохайрхан уулын зүүн бэлд тавилаа. Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы Сорилтын корпорацын хооронд байгуулсан Мянганы Сорилтын 2 дахь компакт гэрээний буцалтгүй тусламжийн санхүүжилтээр газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр ийнхүү байгуулж Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга угсралтын ажлыг эхлүүлж байна. 




Гүний ус цэвэршүүлэх анхны үйлдвэрийн шав тавих ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож хэлэхдээ, "АНУ-ын Мянганы сорилтын корпорац 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар манай нийслэл хотын амин чухал усан хангамжийг шийдэх гэж байна. Миний бие 3 жилийн өмнө, Ерөнхий сайдын хувиар АНУ-д айлчлах үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Америкийн Мянганы Сорилтын корпорацын Удирдах зөвлөлийн дарга Майкл Помпеогийн хамт Мянганы сорилтын 2 дахь компакт гэрээг албан ёсоор баталж, Хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурж байлаа. Манай улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг тэтгэх энэхүү зорилго ийнхүү бодит ажил болон хөрсөнд бууж, өнөөдөр бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхэлж буйд баяртай байна" гэв. 




Тэрээр цааш нь хэлэхдээ, "Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 34 жилд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа амжилттай өрнөж, эдүгээ Стратегийн түншлэлд хүрээд байна. Манай хоёр улсын Стратегийн түншлэлийг бататгах түүхэн төсөл, хөтөлбөрийн нэг нь яах аргагүй Мянганы сорилтын компакт гэрээ юм. Монгол Улс АНУ-ын МСК-тай байгуулсан эхний компакт гэрээг 2008-2013 онд амжилттай хэрэгжүүлж, эрүүл мэнд, мэргэжлийн боловсрол, эрчим хүч, авто зам болон хөрөнгийн эрхийн шинэчлэл зэрэг 5 чиглэлээр бодит үр дүнтэй ажлыг хийж чадсан. Улмаар 2014 онд МСК-ын Удирдах зөвлөл манай улстай дахин Компакт гэрээг байгуулахаар шийдвэрлэж, Монгол Улс дахин Компакт гэрээ байгуулсан Ази тивийн 2 дахь улс болсон юм. Иймд, Монгол Улсын Засгийн газар АНУ-ын МСК-тай хамтран усны хомсдлын эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд компакт гэрээгээр олгох буцалтгүй тусламжийн хөрөнгийг бүхэлд нь чиглүүлэхээр шийдвэрлэсэн" гэдгийг тэмдэглэв. 




Компакт гэрээний хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж, онолын тооцооллоор 37 жилийн цэвэр усны хангамжаа баталгаатай болгож байгаа хэдий ч, төслийн үр дүнд усны шинэ соёл, шинэ боловсрол бий болсноор Улаанбаатарынханд усан хангамжийн 100 жилийн баталгаа бий болно хэмээн усны мэргэжилтнүүд үзэж байна. 


Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй төслийн онцлог чанар нь эдгээр нь бүгд эко буюу ногоон төслүүд юм. Эко хэмээн тодотгох учир нь бидний олон жил ярьж байгаа саарал ус буюу ахуйн хаягдал усыг дахин боловсруулж ашиглан газрын гүний цэвэр усаа хэмнэх бодит боломж компакт гэрээг хэрэгжүүлснээр бүрдэнэ. Өнөөдөр Улаанбаатар хотын нийт усны хэрэглээний 5-ны нэгийг эрчим хүчний салбар дангаараа эзэлдэг. Тиймээс Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрт Төв цэвэрлэх байгууламжаас гарах цэвэрлэсэн уснаас авч дахин боловсруулсан усыг хамгийн түрүүнд ДЦС-уудад техникийн зориулалтаар эргүүлэн ашиглана. Ингэснээр бид жилдээ дөрвөн Буйр нууртай тэнцэх хэмжээний гүний цэвэр усаа бие засах өрөөндөө урсгадаг зохисгүй хэрэглээнд цэг тавих томоохон эхлэл юм гэв. 




Ёслолд хүрэлцэн ирсэн АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Майкл Клечески хэлэхдээ, "Өнөөдөр бид Мянганы Сорилтын сангийн компакт гэрээний хамгийн том төсөл, бүтээн байгуулалтыг эхлүүлж, 93 сая ам.долларын өртөг бүхий Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилгын шавыг та бүхэнтэй хамт тавьж буйдаа баяртай байна. Өнөөдөр бид ус ярьж, Улаанбаатар хотын цэвэр усны асуудлыг шийдэхээр хөндөж буй ч энэ гэрээ нь эдийн засгийн өсөлтөөр ядуурлыг бууруулах зорилготой гэдгийг мартах учиргүй" хэмээн онцолсон юм. 




Тэрээр, хоёр орны хооронд Компакт гэрээг эхнээс нь явж чухал үүрэг гүйцэтгэж ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч

У.Хүрэлсүх, хамтран ажиллаж буй Монгол Улсын Засгийн газарт гүн талархалаа илэрхийлсэн юм. АНУ ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэгч 3 дахь хөршүүдээ тууштай дэмжихийг тэрээр чухалчилж, "Манай улс ардчилал хөгжиж буй улс орнууд, тэр дундаа Монгол Улсын эдийн засгийг аль болох өрийн дарамт үүсгэхгүй байхаар буцалтгүй тусламжийг үзүүлэн дэмжихийг эрмэлзэж  ирсэн" гэдгийг онцоллоо.

Мянган Сорилтын төслийн хүрээнд нийслэлийн өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг байгальд сөрөг нөлөөгүйгээр эко байдлаар хангах, газрын доорх усны хоёр шинэ эх үүсвэр болон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг холбогдох шугам хоолойн хамт байгуулах юм. Үйлдвэрийг 2024 онд ашиглалтад оруулж туршилт, тохируулгын ажлыг нэг жил орчим хугацаанд үргэлжлүүлнэ. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр ашиглалтад орсноор компакт гэрээний санхүүжилтээр Биокомбинат, Шувуун фабрик орчмын гүний усны эх үүсвэрээс жилд 50 сая хүртэл шоо метр усыг авч цэвэршүүлэн, нийслэлийн ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд нийлүүлнэ гэдгийг Монголын Мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирал Э.Содонтогос тодотголоо. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга угсралтын ажлыг Турк улсын "МАПА" групп хийж гүйцэтгэхээр шалгарч өнөөдөр ийнхүү ажлаа эхлүүллээ. 




Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн шав тавих ёслолд манай улсаас Гадаад харилцааны сайд, Монголын Мянган сорилтын сангийн Удирдах зөвлөлийн дарга Б.Батцэцэг, БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, БОАЖ-ын сайд Н.Уртнасан, УСУГ-ын дарга Ц.Төрхүү нар, Турк улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атеш, "МАПА" компанйн төслийн захирал Омер Ишикман нар, Монголын Мянган сорилтын сангийн Удирдах зөвлөлийн гишүүд оролцлоо. 

Холбоотой мэдээ