Афганистанаас паралимпын тамирчдыг аюулгүй нүүлгэн шилжүүлжээ
Нийгэм Афганистаны паралимпын хоёр тамирчныг улс орноос нь аюулгүй нүүлгэн шилжүүлсэн гэж Олон улсын паралимпын хороо /ОУПХ/ өнөөдөр мэдээллээ. Харин тэднийг хаана байгаа талаар мэдээлэхээс татгалзжээ.
Таеквондогийн тамирчид болох Закиа Худадади, Хоссейн Расули нар Токиогийн Паралимпын наадамд улс орноо төлөөлөн оролцох байсан юм.
Гэвч Афганистан “Талибан” хөдөлгөөний хяналтад орсны дараа тамирчид улс орноо орхин явж чадахгүйд хүрэн гацсан олон мянган хүний нэг болжээ.
Наадам эхлэхээс өмнө ОУПХ тэдгээр тамирчин улс орноо төлөөлөн оролцох боломжгүй болсныг батлан мэдэгдэж, мягмар гарагт болсон нээлтийн ёслолын үеэр Афганистаны тугийг бэлгэдлийн байдлаар сайн дурын ажилтан барин жагссан юм.
“Афганистанаас тамирчдыг нүүлгэн шилжүүлсэн. Тэд одоо аюулгүй газарт байгаа. Харин хаана байгааг нь хэлэх боломжгүй. Учир нь энэ бол спортын бус хүний амь нас, аюулгүй байдалтай холбоотой асуудал юм” гэж ОУПХ-ны хэвлэлийн төлөөлөгч Крэйг Спенс өнөөдөр мэдээлсэн байна.
Тэрбээр үргэлжлүүлэн, “Тамирчид Паралимпын наадамд оролцохгүй бөгөөд ийм цаг үед өөрсдийнхөө сайн сайханд анхаарал хандуулна. Тэд маш хүнд нөхцөл байдлыг туулсан нь тодорхой учир холбогдох зөвлөгөө, сэтгэл зүйн туслалцаа дэмжлэг авч байгаа” гэж хэлжээ.
Паралимпын наадамд Афганистаныг төлөөлөн оролцох анхны эмэгтэй тамирчин болох байсан, 23 настай З.Худадади улс орноо “Талибан” хөдөлгөөний хяналтад орсны дараа дүрвэхдээ туслалцаа үзүүлэх хүсэлт гаргасан бололтой байна.
Австралийн “ABC” телевиз паралимпын тамирчдыг Автсрали руу нүүлгэн шилжүүлсэн афган тамирчдын дунд байсан гэж мэдээлсэн боловч одоогоор энэ мэдээллийг албан ёсоор баталгаажуулаагүй байгаа ажээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ