Солонгосын эрэн сурвалжлах сэтгүүлчид Сү.Батболдын тухай юу өгүүлэв?

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2021-09-07 06:20:55

Самсунг Корпорацийн экс ажилтнууд МУ-ын экс Ерөнхий Сайдын гар хөл байжээ 

\ Нийтлэл \

Татварын диваажин Британийн Виржинийн арлуудад  бүртгэлтэй Premier Edge Limited компани 2006 онд Лондон хотын тансаг зэрэглэлийн (residential бүс гэдэг нь зөвхөн байр эвсэл хаусууд байдаг ) бүст Knightsbridge-д хоёр орон сууц худалдан авчээ. 

850,000 болон 4.21 сая фунтийн үнэтэй орон сууц ба 2017 онд нэг орон сууцаа гуравдагч этгээдэд 1.85 сая фунтээр худалдаж, нэг сая фунтийн ашигтай наймаа хийсэн байна.

Нөгөө орон сууцных нь өнөөгийн үнэлгээ 10.5 сая фунт атал Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй Лорш буюу Lorsch Limited компаниудад үнэгүй өгсөн байна. 

Newstapa-ийн сэтгүүлчид Монголын Засгийн газрын АНУ-ын шүүхэд гаргаж өгсөн баримтуудаас хараад дээрх хоёр компаниуд нь цаасан дээрх компани ( цаасан дээр л оршдог боловч ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй, байдаг ч юм шиг байдаггүй ч юм шиг гэсэн агуулгаар)  гэж ойлгогдож байна. Гадаад дахь хөрөнгөө хөдөлгөх, жинхэнэ худалдан авагч, борлуулагчаа нуухдаа "сүнс" буюу цаасан компаниудыг ингэж ашиглах нь маш түгээмэл байдаг гэжээ. 

Солонгосын Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн Newstapa төв АНУ, Их Британи улсуудын шүүхэд гаргаж өгсөн баримтуудаас хараад Samsung C&T-д ажиллаж байсан Солонгос иргэд эдгээр хууль бус үл хөдлөх хөрөнгийн наймаанд оролцсон болохыг олж илрүүлжээ. 

Өнгөрсөн жилийн 11 сард Их Британийн Бизнес, Үл хөдлөх хөрөнгийн Консул гэдэг газар Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй тус компанийг Лондон дахь эзэмшил үл хөдлөх хөрөнгийг заруулахгүйн тулд царцаасан болохыг баримтуудаас олж гаргаж ирсэн ба Солонгосын иргэд энэ наймаанд оролцсон нь тодорхой байна. Тухайлбал, Premier Edge and Roche гэдэг Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй компаниудын бичиг баримтаас харахад Чон Чү Ён гэдэг Солонгосын иргэн байна.

 

 

 

/Premier Edge and Roche гэдэг БВА-ын компани нь Лондон хотод хоёр тансаг зэрэглэлийн орон сууц худалдаж авч бас худалдсан байна. Чон Чү Ён нь энэ орон сууцнуудын жинхэнэ эзэн Батболдын өмнөөс авсан зарсан гэж үзэж байгаа. Эх сурвалж New York хотын өмнөд дүүргийн шүүхийн материал./

Гэвч бусад баримтаас харахад Чон Чү Ён нь ганцаараа энэ хоёр компанийг эзэмшдэггүй байна. Шүүхэд гаргаж өгсөн баримтаас Германы Дойче банканд Сү.Батболдын өмнөөс энэ хоёр компанийг Quantum Lake Trust гэдэг итгэлцлийн сангаар дамжуулж эзэмшдэг байна. 

2006 оны 3-р сард Дойче банкны ажилтны бичсэн мэйлд итгэлцлийн санг өөрийнх нь хүссэний дагуу Сү.Батболдын өмнөөс үүсгэх тухай дурдсан байна. Сан мөн БВА-уудын PremierEdge-ийг эзэмшдэг.

Эх сурвалж: New York-ийн Өмнөд дүүргийн шүүхэд өгсөн баримтаас

2006 оны 3-р сард Дойче банкны ажилтны итгэлцлийн санг өөрийнх нь хүссэний дагуу Сү.Батболдын өмнөөс Quantum Lake Trust нэртэйгээр үүсгэхдээ, хүсэлт нь Сү.Батболдоос ирсэн гэдгийн баталгаа болгож түүний гадаад паспортын хуулбарыг хавсаргасан байна.  

Эх сурвалж Өмнөд дүүргийн шүүх, NY, USA.

2015 оны 7-р сард оффшор компаниудын нэгэн агентлаг руу Дойче банкнаас явуулсан мэйлд Сү.Батболдыг Quantum Lake Trust-ийн эзэмшигч гэдгийг баримтуудаар батлан мэдэгдсэн ба Premier Edge гэдэг компанийг мөн эзэмшдэг болохыг мэдэгдсэн байна.

Эх сурвалж Өмнөд дүүргийн шүүх, NY, USA. 

Premier Edge компанийн албаныханд гаргаж өгсөн бүртгэлээс харахад С.Батболд нь 2005 оны 8-р сарын байдлаар нэг хувьцаа эзэмшдэг захирал байв. Харин 2006 оны 4-р сард тэрээр нэг ширхэг хувьцаагаа to Regula Limited рүү шилжүүлсэн ч ямар нэг байдлаар компанийн бүртгэлээс алга болсон байна. 2016 онд Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн нийгэмлэг “Панамын баримтууд” эрэн сурвалжилгын үр дүнд гарч ирсэн жагсаалтад Regula нь Дойче банкны үүсгэсэн оффшор компаниудаа зохицуулахдаа ашигладаг "Nominee company"  гэдэг нэрээр багтсан байсан. 

2015 оны 6-р сард нь Regula нь “Premier Edge”-ийн нэг хувьцаагаа С.Батболдын том хүү Б.Баттүшигт шилжүүлж, хувьцаа эзэмшигч болгов. Тухайн оныхоо 10-р сард “Premier Edge”-ийн 84 хувьцааг мөн Б.Баттүшигт шилжүүлсэн.

2016 оны 8-р сарын 8-нд Б.Баттүшиг нь бүх 85 хувьцаагаа “Lorsch Limited”-д шилжүүлсэн байна. Яг энэ өдөр Чон Чү Ён  Premier Edge-ийн захирлаар томилогдсон байна.

Premier Edge-ийн гол хүмүүсийн бүртгэлийн мэдээлэлд Монгол Улсын Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболд, түүний хүү Баттүшиг нарын нэр багтжээ. "Regula" Дойче Банкны үүсгэсэн нэрлэсэн компаниуд юм.  Эх сурвалж Өмнөд дүүргийн шүүх, NY, USA. 

2016 оны 8 сард Жун Жү Ен гэдэг Солонгос хүн Premier Edge-ийн захирлаар бүртгэгдсэн байна. Эх сурвалж Өмнөд дүүргийн шүүх, NY, USA.

Дүгнээд хэлэхэд, Германы Дойче Банк нь ерөнхий сайд асан Сү.Батболдод итгэлцлийн сан гэдэг нэрээр нэн төвөгтэй сүлжилдсэн эзэмшлийн харилцаа үүсгэж өгсөн байна. Эдгээр холбоосуудаас харахад Чон Чү Ён нь Сү.Батболдын төлөөлөгчөөр ажиллаж Premier Edge болон Lorch-гийн үл хөдлөх хөрөнгийг наймаалжээ.

Нэрээ ямар нэг цаасан дээрх компанийн хувьцаа эзэмшигч эсвэл захирал болоход зээлдүүлж ашиглуулдаг, жинхэнэ эздийг нь нуугдахад тусалдаг хүмүүсийг proxy гэж нэрлэдэг (англиас махчилж орчуулбал төлөөлөгч гэсэн утга агуулна).

Сү.Батболд Чон Чү Ён нарын татварын диваажин орнуудад цаасан дээрх компани байгуулж сэжиг бүхий мөнгөнүүдээ зохицуулдаг байсныг батлах ул мөр үлдсэн байна. АНУ, ХонгКонг, Сингапурын шүүхүүд Сү.Батболд болон Чон Чү Ён нарын эзэмшдэг үл хөдлөх хөрөнгийг царцаасан билээ.

Newstapa-ийн сурвалжилгын үр дүнд Сү.Батболдын хөрөнгийг өмнөөс нь эзэмшиж зохицуулдаг байсан Чон Чү Ён нь Samsung C&T-ийн Монгол дахь салбарын захирлаар ажилладаг байсан болохыг олж илрүүллээ.

/Former Mongolian Prime Minister Sukhbaatar Batbold is suspected of managing and hiding suspicious funds with representatives from Mongolia and South Korea./

Сү.Батболд Ерөнхий сайд болохоосоо ч өмнө мөн дараа нь төрийн өмчит зэсийн уурхайн зэсийн худалдаанаас өөрөө эзэмшигч ч эзэмшлээ нуусан “сүнс” компани ашиглан их хэмжээний ашиг нууцаар олсон хэрэгт сэжиглэгдэж байгаа юм. Харин энэ наймаанд Чон Чу Ён нарын хэд хэдэн Солонгос иргэд нэрээ ашиглуулсан нь тодорхой болоод байна.

Их Британи, АНУ-ын шүүхэд очсон баримтуудаас анализ хийж харсны үр дүнд Samsung C&T-д ажиллаж байсан таван Солонгос иргэн Сү.Батболдод нэрээ зээлдүүлжээ. Үүн дээр нэмээд, Чон Чү Ёны өөр хамаарал бүхий этгээдүүд оролцсоныг олж мэдсэн ба дор хаяж 13 хүн одоогоор мэдэгдээд байна.

Ерөнхий сайд Сү.Батболд, түүний туслахууд болон Солонгос проксинуудад Төрийн өмчийн Бодлого Зохицуулалтын газар, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Оюу Толгой компаниудын нэрийн өмнөөс Монголд болон АНУ-д иргэний хэрэг үүсгээд байгаа. Эрдэнэс Оюу Толгой компани нь Ерөнхий сайдын удирдлага доор ажилладаг. Newstapa-ийн сэтгүүлчид иргэний хэрэгт бүрдүүлсэн баримтуудыг олж авсан билээ.

Ерөнхий сайд асангийн гол холбоос нь Samsung C&T-ийн Монгол дахь салбарын хуучин захирал

Шүүхэд очсон материалуудаас харахад Samsung C&T-ийн Монгол дахь салбарын захирлаар ажиллаж байсан Чон Чү Ён Сү.Батболдын өмч хөрөнгүүдийг нуухын тулд зөвхөн өөрийнхөө нэрийг зээлдүүлэх бус бусад хамтран ажиллагсдаа сүлжээнд татан оруулсан байна.

Тэрээр 1987 оноос хойш Samsung C&T-ийн металл худалдааны салбарт ажиллажээ. 2007 онд ажлаасаа гарангуутаа эхнэрийнхээ хамт Ерөнхий сайд асан Сү.Батболдын оффшор дахь хөрөнгийг нуух, мөнгө угаах ажилд орсон бололтой.

Ноён Чон дор хаяж Сү.Батболд болон түүний хүүхдүүдийн Их Британийн Виржинийн арлуудад болон ХонгКонгд үүсгэн байгуулсан 28 цаасан дээрх компанийн захирлаар ажиллаж байна. Чон нь Samsung C&T-ийнхээ ахлахууд, ажилчдаа татаж оролцуулсан бололтой.

Монголын төрийн өмчит компанитай цаасан дээрх компаниар дамжуулж наймаа хийж, дэлхийн том хотуудад үл хөдлөх хөрөнгө авсан нь

Сү.Батболдын гэр бүл болон Солонгос найзууд “сүнс” компаниудын сүлжээ үүсгэж дэлхий даяар үл хөдлөх хөрөнгүүд худалдан авчээ. Premier Edge Limited болон Lorsch Limited гэдэг компаниудыг Лондон дахь орон сууцуудыг зарж борлуулсан гэж буруутгаж байгаа бол бусад компаниудыг нь Нью-Йорк болон АНУ дахь орон сууцуудыг авсан зарсан хэрэгт буруутгаж байна.

Монголын төрийн өмчит компаниас зэс, ашигт малтмал худалдан авах гэрээг оффшор бүс дэх компаниараа дамжуулан байгуулж, цаашаа гурав дахь этгээдэд зарах гэрээ хэлцүүдэд Samsung C&T-ийн хуучин ажилчид гүйцэтгэх захирал нэрээр гарын үсэг зуржээ.

Монгол Улс байгалийн баялаг ихтэй ба дэлхийн хоёр дахь том зэсийн ордтой орон юм. Монгол болон АНУ-д явж байгаа шүүхийн материалуудад Сү.Батболд нь проксинуудаа ашиглаж 2009-2012 оны хооронд өөрөө Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа Солонгос найзуудаа ашиглан Их Британийн Виржинийн арлууд болон Хонг Конгод цаасан дээрх компаниуд байгуулан түүгээрээ дамжуулж Эрдэнэт уурхайгаас их хэмжээний зэс худалдан авч, дахин заржээ.

/Representatives of former Mongolian Prime Minister Badbold replaced him with an offshore ghost company and made money through deals with Mongolia's state-owned mines. Some of these funds were found to have been transferred to the bank accounts of Mr. Jung and other Badbold agents./

Чон-ийн эхнэр Ким болон Samsung C&T-ийн бас нэгэн хуучин ажилтан нь Catrison Limited-ийн захирал гэж бүртгэгдсэн ба мөнгөн гүйлгээнд нэр нь ашиглагджээ. Зөвхөн 2011 онд Catrison Limited нь 93 сая долларын гэрээнд гарын үсэг зуржээ. Эрдэнэтээс авсан зэсээ Ocean Partners UK Limited гэдэг компанид дахин зарсан байна. Catrison Limited-тэй байгуулсан хоёр гэрээг эс тооцвол Эрдэнэт Үйлдвэр нь Ocean Partners UK Limited-д зэсээ Catrison шиг ямар нэг дундын компанигүйгээр шууд зардаг байсан гэж шүүхэд очсон баримтуудад бичжээ.

Чон Чү Ёнтой хамт Samsung C&T-ийн металл албанд ажиллаж байсан Кан Оо-ийн тэргүүлдэг Genetrade Limited, мөн Чён-ийн эхнэр  нь Cliveden Trading AG, харин Чон Чу Ён маань ХонгКонг дахь Lidex Holdings Limited гэдэг компаниудыг тэргүүлж байв.

Сү.Батболдын проксинуудын захирлаар ажилладаг компаниуд дөнгөж байгуулагдсаныхаа дараанаас л зэсийн наймаа хийж эхэлсэн байдаг. Genetrade нь 2010 оны 11-р сард Их Британийн Виржинийн аралд байгуулсныхаа дараа 2010 оны 12 сард, 2011 он мөн 12 сард зэс худалдан авах гэрээ байгуулж гарын үсэг зуржээ. Тэр зэс нь Бусан, Инчон боомтууд руу хүргэгдэж байжээ. Зарсан үнэ болон баяжмалын хэмжээг баримтуудад дурдаагүй байна.

Эдгээр “сүнс” компаниуд нь баяжмалын зэсийн мөнгөнөөс олсон мөнгөнөөс Ноён Чон Чү Ён болон Сү.Батболдын монгол төлөөлөгч рүү шилжүүлсэн байна. Харин ХонгКонгод байгуулагдсан Lidex (Лидекс Холдинг) гэдэг компани 2008 оны 6 сард 9980 доллар, 2010 оны 5 сард 19980 доллар, 6 сард 24980 долларыг проксинуудын дансанд шилжүүлж байжээ.

Сү.Батболдын нэр “Диваажингийн баримтууд” олон улсын эрэн сурвалжилгын үр дүнд гарч ирж байсан 

2000-аад оны дунд үеэс Ерөнхий сайд асан Сү.Батболд болон түүний гэр бүл татварын диваажингуудад цаасан дээрх компани байгуулж хөрөнгөө зохицуулдаг байсан гэж ойлгогдож байна.

Сү.Батболдын ул мөрийг Newstapa, Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн ассоциацууд болон дэлхий нийтээр олон редакцуудтай хамтран хийсэн “Диваажингийн баримтууд” эрэн сурвалжлах төслийн хүрээнд олж илрүүлсэн байдаг.

2003-2005 оны хооронд тэрээр Бату Майнинг гэдэг компани Их Британын Виржинийн арлуудад байгуулж эзэшиж байсан ба дараа нь энэ компанийнхаа хувьцаа, өөрийнхөө Солонгос прокси болох Ким-ын ХонгКонгод байгуулсан Ever Legend Engineering гэдэг компани худалджээ. Өөрийнхөө компанид хувьцаагаа зарсан гэсэн үг юм. “Диваажингийн Баримтууд” эрэн сурвалжилгын үеэр Future Monson Holdings гэдэг Их Британын Виржинийн арлуудын бас нэгэн компанийн нэр гарсан ба түүний хүү Б.Баттүшиг нь энэ компанийн захирал юм.

Монголын төр Сү.Батболд болон Солонгос проксинуудын эсрэг хэрэг үүсгэв

Сү.Батболд Чон Чү Ён хоёрын үүсгээд олон жил болсон энэ цаасан дээрх компаниудын сүлжээ анх Монгол улсын Прокурорын Ерөнхий Газар, Авилгатай тэмцэх газар хамтран судлах болсноор энэ асуудалд гэрэл тусгаж эхэлсэн юм. Засгийн газар, парламент болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрээр 2018 онд Америкийн хувийн мөрдлөгийн компанийг хөлслөх шийдвэрт хүрчээ. К2 гэдэг нь 1970-аад оноос хойш нэн ярвигтай санхүүгийн болон авилгын гэмт хэргүүдийг илрүүлж ирсэн өндөр төвшний хувийн тагнуулын товчоо маягийн байгууллага. Энэ байгууллага Филиппиний ерөнхийлөгч асан Фердинад Маркос, Иракийн ерөнхийлөгч асан Садам Хуссейн нарын хэргийг мөрдөж байжээ.

Ингээд өнгөрсөн жилийн 11 сард Монгол улсын Төрийн өмчийн Бодлого Зохицуулалтын газар болон Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Оюутолгой хамтран Сү.Батболд болон түүний Солонгос проксинуудын эсрэг мөрдөх товчооны олсон баримтуудад үндэслэн Монгол болон АНУ-д хэрэг үүсгээд байна. 

Монгол улсын Төрийн өмчийн Бодлого Зохицуулалтын газар болон Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Оюу Толгой нар хамтран Сү.Батболд болон түүний Солонгос проксинуудын эсрэг мөрдөх товчооны олсон баримтуудад үндэслэн Монгол болон АНУ-д хэрэг үүсгэсэн байгаа билээ.

 

Их Британи, ХонКонг, Сингапур, Жерсий (Jersey гэдэг Франц Английн дунд орших арал улс) улсын шүүхүүд Сү.Батболд болон түүний прокси нарт арга хэмжээ авч тэдний үл хөдлөх хөрөнгийг нь царцаасан байна.

“Иргэний хэрэг үүсгэснээр энэ улс мөнгөө буцааж авчрах боломжтой хамгийн үр дүнтэй арга гэж бидэнд хэлсэн” гэж К2 товчооны үүсгэн байгуулагч, УЗ-ын дарга Жүлес Кролл Newstapa-ийн сэтгүүлчид хэлсэн байна. Энэ бүхний гол зорилго нь Монголчуудын мөнгө хаана байгааг олж таньж илрүүлээд буцааж авчрах юм гэж тэрээр мөн онцолсон байна.

Чон “Би Сү.Батболдтой зүгээр бизнесийн түншүүд”

Чон Чү Ён Newstapa-д утсаар ярилцлага өгөхдөө 28 оффшор компаниудын захирал, хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй гэдгээ батлан хэлсэн байна.

“1997 онд Samsung C&T-д ажилладаг байхдаа Сү.Батболдтой танилцсан, тэгэхэд Сү.Батболд бизнес эрхлэгч байсан” гэж Чон хэлжээ. 

Samsung C&T-ээс 2007 онд гарсныхаа дараа Монгол дахь түүний хувийн бизнесийн ажилд оролцож эхэлсэн гэж хэлсэн байна.

“Бусад Солонгос проксинийнуудын хувьд тэр хүмүүс ямар ч буруу зүйл хийгээгүй боловч тэр хүмүүс надтай дотно танил, бизнесийн харилцаатай учраас тэдний нэр хэргийн материалуудад зүгээр дурдагдсан байгаа” гэж тайлбарлажээ. Чон Чү Ён гуай ямартай ч Сү.Батболдын мөнгийг хууль бусаар нууж хөдөлгөдөг байсан уу гэж асуухад эрс няцаасан байна.

“Гэмт хэрэгт бол хүн ямар нэг тодорхой хэргийн улмаас хариуцагчаар татагддаг. Харин иргэний хэрэгт ямар ч асуудлаар нэр нь гарч болно. Ямар асуудалд хариуцагчаар татагдсан гэдэг тодорхойгүй ч гэсэн” гэж Чон хэлсэн байна.

Сү.Батболдын хэрэгт буруугаар ойлгогдмооргүй байгаа учраас өөр асуултад хариулахгүй. Гэхдээ ноён Сү.Батболд хэрвээ хүсэх юм бол би ярьж болно Чон гэж мөн нэмж хэлсэн байна.

Newstapa Чон Чү Ён руу мэйлээр дэлгэрэнгүй асуултууд явуулсан боловч Батболдын Солонгос дахь өмгөөлөгч удахгүй Newstapa-д хариултууд явуулна гэж хариулсан юм. Newstapa Сү.Батболдын өмгөөлөгчөөс хариу ирэхээр дахин энэ хэргийг дахин нэг хянаж үзэх болно. 

Ерөнхий сайд асан бүхнийг няцаав

Монгол улсын Засгийн газар Сү.Батболдын эсрэг хэрэг үүсгэхэд Сү.Батболд “хэвлэлээр явж байгаа бүхэн ор тас худал, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАН-ыг харлуулах гэсэн гүтгэлэг тарааж байна” гэж няцаасан билээ. 

Гэтэл K2 мөрдөх товчооны үүсгэн байгуулагч, УЗ-ын дарга Жүлес Кролл “Бид 2018 онд мөрдлөгөө хийх гэрээнд УИХ-ын дарга, Ерөнхийлөгч гэсэн ҮАБЗ-ийн хоёр хүн нь гарын үсэг зурснаар эхэлсэн юм” гэж Newstapa-ийн сэтгүүлчид хэлжээ. “Энэ ажил сонгууль болохоос хамаагүй өмнө нь эхэлсэн. Бид Монголын арав гаруй өндөр албан тушаалтнуудыг мөрдсөн. Гэхдээ Сү.Батболд бол тэдэн дундаас хамгийн их хэмжээний мөнгөн дүн яригдаж байгаа хамгийн чухал хүн нь” гэж онцолсон байна. 

Чон Чү Ён нь одоо ч Сү.Батболдын проксигоор ажиллаж байгаа гэж ойлгогдож байгаа ба ямар ч байсан бизнесийн нарийн холбоотой байх учиртай юм. Шүүхэд очсон баримтуудаас харахад Чон болон Сү.Батболдын гэр бүл 2019 оныг хүртэл Cashmere Trade Limited компанийг хамтран шууд бусаар эзэмшиж байжээ. Энэ компани нь Алтай Кашмир гэдэг компанийн гол хамтрагч юм. Мөн Алтай кашмир бол Алтай Холдинг гэдэг Сү.Батболдын хүүгийн өвлөж авсан Алтай Холдинг компанийн гол эзэмшил юм. Монгол болон АНУ-д хэрэг ид дундаа явж байгаа ч Солонгос улсын Татварын Алба эдгээр Солонгосын проксинуудыг шалгах ёстой юм.

Солонгос улсын татварын хуулиар Солонгос улсын иргэд болон гадаадад амьдардаг Солонгосчууд гаднын улс дахь дансандаа 500-аас дээш сая вонтой  бол түүнийг заавал татварын албандаа мэдээлэх үүрэгтэй. Тиймээс Чон Чү Ён нарын хүмүүсийн гадаад дахь банкны данснууд, сэжиг бүхий гүйлгээнүүд Солонгос улс ч шалгах үүрэгтэй.

Newstapa нь Чон Чү Ён болон бусад Samsung C&T-ийн хуучин ажилчдын тухай, тухайлбал тэдгээр хүмүүс Сү.Батболдтой энэ компанид ажиллаж байхдаа харилцаа холбоо үүсгэсэн эсэхийг тухайн компаниас тодрууллаа.

Тус компанийн хэвлэлийн төлөөлөгч “бид Ерөнхий сайд Сү.Батболдод тусалсан оролцсон эсэх талаар бид мэдэхгүй, энэ явдал бидний үйл ажиллагаатай ямар ч холбоогүй” гэж хариулжээ.

ӨРӨГ.МН РЕДАКЦ 

Солонгосын эрэн сурвалжлах Newstapa төвийн бүтээлийг үзэгч та УНШЛАА, ҮЗЛЭЭ. Энэ нэвтрүүлгээс анзаарсан, МАНАЙ редакцийн хоёр цуврал нэвтрүүлэгтээ хийж, үзүүлж чадаагүй хэд хэдэн чухал зүйлийг хуваалцъя.

1.    Солонгосын сэтгүүлчид Proxy гэх үгийг бидэнд мэдүүлж өглөө. Энэ нь хэн нэгний бохир мөнгийг нэрээ зээлдүүлж нууж өгдөг хүмүүс юм байна. Энэхүү нэвтрүүлэгт Самсунг корпорацийн тав, Солонгос улсын найман иргэн нийт дор хаяж 13 ажилтан Сү.Батболдын прокси байсан талаар баримтаар үзүүлжээ.

2.   Эдгээр Солонгосчууд дотор гүйцэтгэх захирал эсвэл ТУЗ-ийн гишүүний үүрэг гүйцэтгэдэг 60-аас ч илүү цаасан дээрх компани татварын диваажин оффшор бүсэд оршиж байгааг мөн дэлгэжээ.

3. Энэ схемийн гол дүр нь Samsung C&T-ийн Монгол дахь салбарын захирал Чон Чү Ёноос Сэтгүүлч Ким Жи Юүн утсаар ярилцлага авсан байгаа юм. Сү.Батболд гаднын иргэдийн надад хамааралгүй хөрөнгийг хамаатуулж гүтгэж байна гэж ярьдаг ч Чон Чү Ён Сү.Батболдтой бизнесийн түншүүд байснаа энэхүү нэвтрүүлэгт хүлээсэн.  Мөн нэг нэгнийхээ бизнест харилцан тусалж байсан гэж ярьдаг.

4. Бид ч нэвтрүүлэгтээ мэдээлж байсанчлан Солонгосын сэтгүүлчид Сү.Батболд нарыг мөрдсөн мөрдлөг 2018 оноос эхэлснийг мөн хэлсэн байгаа юм.Харин тэд энэхүү мөрдлөгийг хийсэн К2 мөрдөх товчооны үүсгэн байгуулагч, УЗ-ийн дарга Жүлес Кроллоос ярилцлага авч чаджээ. Жүлес Кролл ярилцлагадаа маш ноцтой хэд хэдэн зүйлийг хэлсэн. Тэрээр “Бидний мөрдлөг 2018 онд эхэлсэн. Монгол улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч гэсэн ҮАБЗ-ийн хүмүүс нь гарын үсэг зурснаар бидний хамтын ажиллагаа эхэлсэн. Энэ ажил Ерөнхийлөгчийн сонгууль болохоос хамаагүй өмнө эхэлсэн. Бид их олон хүнийг шалгаж үзсэн боловч Сү.Батболдын хэрэг хамгийн их мөнгө яригдаж байгаа нь юм”

5. 2018 оноос Монгол улсын Прокурорын Ерөнхий Газар, Авилгатай тэмцэх Газар хоёр АНУ-ын хувийн мөрдөх компанийг хөлсөлж, мөрдлөг эхлүүлснийг ч хэлжээ. Өөрөөр хэлбэл ийм мөрдлөг яваад байгааг болоод байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монголын улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар мэдэж байж, бүр мөрдөхийг зөвшөөрч гарын үсэг зурсан гэсэн үг юм.  

Харин одоо сонгууль дууссан ажин түжин үе. Хэний мөнгөөр мөрдөх товчоонд мөнгө өгч Сү.Батболдыг мөрдүүлж байсан бэ? ҮАБЗ-ийн гурван гишүүн мэдэж байсан атлаа одоо яагаад бүгд чимээгүй болоод довоо шарлуулаад алга болов. Сү.Батболд бохир мөнгөөрөө бүгдийнх нь амыг барьж, гарыг нь үдсэн байгаа юу?

Солонгосын энэхүү эрэн сурвалжлах нэвтрүүлгийг Сү.Батболд news.mn itoim.mn гэсэн хоёр сайтаар "KCIJNewstapa С.Батболдын талаар гаргасан нийтлэлдээ залруулга хийжээ" гэсэн мэдээ гаргуулж Монгол улсын иргэдийг худал мэдээгээр хуурах гэж оролдсон. Солонгосын сэтгүүлч огт залруулга хийгээгүй ба өмгөөлөгчийнх нь тайлбарыг л нэмж оруулсан төдий хэмээн бидэнд ярилцлага өгөх үерээ хэлсэн юм.

Ингээд энэхүү эрэн сурвалжлах бүтээлийг туурвисан  Newstapa төвийн хил дамнасан эрэн сурвалжилга хариуцсан сэтгүүлч Ким Жи Юүний ярилцлагыг үзнэ үү.

Солонгосын NEWSTAPA Эрэн сурвалжлах төвийн хил дамнасан эрэн сурвалжилга хариуцсан сэтгүүлч Ким Жи Юүн

Чөлөөт сэтгүүлч Б.Халиун

ӨРӨГ.МН сайтын Ерөнхий редактор, сэтгүүлч У.Болортуяа нар ярилцав.  

Монголын урдаа барих, том хоёр мэдээллийн хэрэгслээр Newstapa-г залруулга гаргасан гэж бичсэн. Яг залруулга мөн үү, нийтлэл алдаатай байсан учраас залруулга гаргасан уу?

Үнэндээ бол Newstapa ямар ч залруулга гаргаагүй. Яагаад гэвэл алдаатай, буруу мэдээлэл  гаргаагүй учраас. Бид 7-р сарын 4-нд хэвлэгдсэн эрэн сурвалжлах нийтлэлийнхээ дараа юу гаргасан бэ гэхээр Сү.Батболдын хуульчийн явуулсан тайлбарыг нэмж оруулсан. Солонгосын нэгэн хуулийн фирмээс явуулсан 3-4 өгүүлбэрийг бүхэлд нь хуулаад нийтлэлийнхээ төгсгөлд шинэ хайрцаг нээж тусад нь оруулсан. Яагаад гэвэл бид Сү.Батболдын шалтгаан, тайлбарыг нийтлэлдээ оруулах ёстой байсан учраас. Нийтлэлд дурдагдсан хүмүүс өөрийгөө өмгөөлөх боломж шударгаар олгох ёстой учраас шүү дээ. Бид ердөө тэдний явуулсан тайлбарыг л оруулсан нь тэр. Түүний тайлбарыг нэмж оруулсан нь нийтлэл буруу эсвэл алдаатай баримт байгаа учраас биш юм. Энэ бол залруулга огт биш. Бид тэр хүмүүст өөрийгөө өмгөөлөх, дуу хоолойгоо гаргах боломж олгосон л явдал.

Та Сү.Батболдоос ярилцлага эсвэл тайлбар авахад хэр их хугацаа орсон бэ?

Нийтлэл гарахаас өмнө бид эхлээд Чон Чү Ёнтой холбогдож мэйлээр асуултуудаа явуулсан. Гэтэл Чоны өмнөөс Сү.Батболдын хөлсөлсөн нэгэн Солонгосын хуулийн фирм бидэнтэй холбогдсон. Тэр хуулийн фирм Сү.Батболдын тайлбарыг явуулсан юм. Тэр тайлбар коммент нь 7-р сарын 17-нд ирсэн. Ингээд бид тэр тайлбарыг уншиж хэлэлцээд 7-р сарын 21-нд нэмж оруулсан. Тэгэхээр Сү.Батболдоос тайлбар авья гэж холбогдсоноос хойш гурван долоо хоног хагас хэртэй хугацаа орсон.

Та нийтлэлдээ Солонгос проксинууд ул мөр үлдээсэн гэсэн байсан. Тэр ул мөр гэдэг нь яг юу юм бэ? Та банкны шилжүүлгийн баримт хэлж байна уу өөр баримтууд хэлж байна уу?

Баримтууд дундаас бид жинхэнэ банкны гүйлгээний баримт олсон. Цаасан дээрх компаниудын данснаас проксинуудийн данс руу мөнгө шилжүүлсэн банкны баримт олсон гэсэн үг л дээ. Тэр хүмүүсийн дунд мэдээж Чон Чү Ён орно. Шүүхэд очсон, үзүүлсэн баримтуудад мөнгө шилжүүлсэн баримт байсан учраас ул мөр гэж хэлсэн.

Чон Чү Ён өөр юу гэж хэлсэн бэ? Манай Сү.Батболд бол тэдгээр Солонгосчуудтай ямар ч харилцаагүй гэж хэлээд байгаа...

Би үнэхээр яагаад Сү.Батболд тэгж хэлж байгааг ойлгохгүй байна. Бид нийтлэлдээ Чон Чү Ёны жинхэнэ дуу хоолойг гаргасан. Чон Чү Ён надад Сү.Батболдыг 1997 оноос хойш мэддэг, хамтрагч, бизнесийн харилцаатай хүн нь гэж хэлсэн. Чон Чү Ёноос гадна өөр нэг Солонгос прокситой холбогдсон. Надад огт яриа өгөхгүй гэж хэлсэн ч тэр хүний ярианаас олон хүн холбогдсон схем байна гэдгийг хангалттай ойлгож болохоор байсан.

Та Сү.Батболдын өгч байгаа тайлбарын эсрэг ямар баримт үзүүлж чадах вэ? Ер таны олсон баримтуудыг өөр хүмүүс олж авах боломжтой юу?

Бидний өнцгөөс харвал тэр яаж энэ бүгдийг хуурамч мэдээ гэж хэлж байгааг огт ойлгох аргагүй байна. Хэн ч Сү.Батболд АНУ-ын шүүх гээд хайгаад үзвэл үнэ төлбөргүйгээр маш их мэдээлэл гарч ирнэ. Миний хувьд эрэн сурвалжилга хийж буй сэтгүүлч учраас pacer.uscourts.gov гэдэг АНУ-ын шүүхийн ажиллуулдаг веб сайт буюу мэдээллийн сангаас бүх шүүхийн материалуудыг худалдаж авсан.

Та яаж К2 фирмийн үүсгэн байгуулагчийг олж яриа авч чадав аа?

Манай Солонгосын нэг мэдээллийн хэрэгсэл хэргийн тухай бичиж хэвлэснийг хараад энэ асуудлыг бид анх олж мэдсэн. Гэхдээ өөр хэвлэлүүд энэ асуудлын хойноос хөөцөлдөж дахин сурвалжлаагүй. Тэгээд бид энэ асуудлыг илүү өргөн хүрээнд олон нийтэд түгээх ёстой гэж үзсэн. Яагаад гэвэл энэ сүлжээ олон орныг хамарч, тэр дунд нь Солонгос иргэд оролцсон байх боломжтой учраас энэ асуудлыг эрэн сурвалжлах нь чухал гэж үзсэн. Эхлээд бид шүүхэд очсон баримтуудыг цуглуулж уншиж судалсан. Тэгээд эх сурвалжууд руу хандсан. Жүлес Кролл, Чон Чү Ён гэх мэт.

K2 мөрдөх товчооны үүсгэн байгуулагч шууд ярилцлага, мэдээлэл өгөхийг зөвшөөрсөн гэж үү?

Жүлес дуртайяа ярилцлага өгсөн. Жүлесийн карьерийн хамгийн бахархам ажил нь Сү.Батболдыг мөрдсөн хэрэг байсан гэж ярилцлагынхаа үеэр хэлж байсан. Гэхдээ тэр хэсгийг бид нэвтрүүлэгтээ оруулаагүй л дээ.

Нийтлэлийн дараа ер нь юу болсон бэ? Сайн муу, магтаал эсвэл дайралт ирсэн үү?

Солонгост бол ямар нэг зүйл болоогүй. Иймэрхүү явдлыг  илүү сайн судлах, шаардлагатай гэх мэтээр коммент хүмүүс бичиж байна. Харин Монголын сэтгүүлчид, та хоёр холбогдсон нь бидний хувьд чухал бөгөөд сайн явдал боллоо. Монголын хамгийн сайн хэвлэлүүдийн нэг Newstapa-г залруулга гаргасан гэж хуурамч мэдээлэл шиг зүйл гаргасан нь маш хачирхалтай санагдаж байна. Бид энэ нийтлэлийг баталгаатай эх сурвалж ашиглаж бичсэн. Америкийн, Англид явагдаж байгаа хэргийн шүүхэд очсон материалууд гэх мэт.

Нийтлэл хэдийнээ хэвлэгдсэн ч гэсэн бид Сү.Батболдын явуулсан тайлбарыг чин сэтгэлээсээ хичээнгүйлэн хянаж, тунгаасны эцэст нэмж оруулсан. Яагаад гэвэл бид тайлбар ирэхээр дахин нэг хянаж үзнэ гэж нийтлэлдээ амлаж бичсэн учраас.

Дахиж өөр нийтлэл бичих болов уу?

Одоо Америкт болон Монголд болж байгаа шүүх хурлын шийдвэрээс шалтгаална. Юу болохыг бид харж, ажиглаж байна.

Яагаад Newstapa Монголын авилгыг сурвалжлахад цаг заваа гаргахаар шийдсэн юм бэ? Сүүлийн үед авилгын эсрэг тэмцэл олон орны оролцогч талуудыг хамарсан болж өөрчлөгдөж байна?

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум “ICIJ”-ийн “Диваажингийн баримтууд” цувралын үр дүнд Сү.Батболдын хүү Б.Баттүшигийн хоёр компани олдож байсан. “Диваажингийн баримтууд” эрэн сурвалжилгын дараа ICIJ болон Newstapa шиг хамтрагч байгууллагууд хил дамнасан гэмт хэргүүдийг, хуулийг буруугаар ашигласан явдлуудыг үргэжлүүлэн сурвалжлах болно гэж шийдсэн. Яг хууль зөрчсөн, хуулиас гадуур биш ч гэсэн хуулийн цоорхой, дутагдлыг ашигласан хэргүүд гэсэн үг. Бизнесийнхэн, ялангуяа олон улс дамнасан бизнес эрхэлж байгаа хүмүүс хуулиар зохицуулаагүй учраас хил дамнаж ийм хэргүүд үйлдэж байна. Тийм учраас олон улсын сэтгүүлчид хамтарч ажиллах, хойноос нь хөөцөлдөх шаардлагатай юм. Яагаад гэвэл манай бизнесийнхэн оролцсон байж болзошгүй.

Танд нэмж хэлэх зүйл байна уу?

Хэн ч GOOGLE -ээр хайгаад тэр шүүхийн баримтуудыг харж болно. Тэр баримтуудад Сү.Батболдын хувийн мэдээллүүд паспорт, төрсөн он сар өдөр гэх мэт мэдээллүүд онлайнд ил байна. Олон нийтэд нээлттэй байхад өөрийгөө би биш гэж хэлж болохгүй биз дээ? Бүх зүйл маш ойлгомжтой байхад яаж манай нийтлэлийг хуурамч гэж хэлж байна вэ? Ингэж байгаа нь сайхан биш байна. Мөн бидэнд хэлж бас ингэж хэлэх боломж олгосон та хоёрт баярлалаа. Хэрвээ та нар байгаагүй бол бид хэзээ ч залруулга гэж зарласныг нь мэдэхгүй байх байсан.


Эх сурвалж: Urug.mn

Холбоотой мэдээ