60 жилийн турш Говь-Алтайчуудын өмнө тулгамдаад байсан цэвэр усны хангамж шийдэгдлээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2021-11-01 12:25:41


Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд “Тайшир-Алтай ус хангамж” төслийг 2019 онд эхлүүлсэн байдаг. 

 

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байх үедээ энэхүү төслийг санаачлан эхлүүлж байсан бөгөөд хоёр жилийн дараа ийнхүү ажил хэрэг болж байна.  

Алтайчуудын өмнө тулгамдсан асуудлын нэг нь цэвэр усны хангамж байсаар ирсэн.  Энэ нь хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байсан нь 60 жилийн турш шийдлээ хүлээж байсан асуудлын нэг юм. Тэгвэл хоёр жилийн хугацаанд бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, манай улсад анх удаа гадаргын усыг унд, ахуйн хэрэгцээнд цэвэршүүлэн хангах зориулалттай, орчин үеийн шийдэл, технологи бүхий ус цэвэршүүлэх станц үйл ажиллагаагаа эхлүүллээ. 

Завхан голоос Говь-Алтай аймгийн тѳв хүртэл нийт 54 км урт ус дамжуулах шугам хоолойг дагалдах тоног тѳхѳѳрѳмжийн хамт суурилуулснаар, Алтай хотын 19.000 гаруй иргэнийг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах боломж бүрдэж байна. 

 

УИХ-ын дарга  Г.Занданшатар:  

Гэр хорооллын усан хангамж сайжрах төдийгүй эрүүл мэндэд том дэвшил гарна

" Монгол улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэхүү төслийг Ерөнхий сайд байхдаа эхлүүлсэн. Ерөнхийлөгч Хүрэлсүхийг Говь-Алтай нутгийн уугуул хүн гэж хэлж болно. Өөрийгөө тэгж хэлдэг. Монгол улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигийг уламжлаад өөрийнх нь санаачилсан энэ төсөл нээлтээ хийж байгаад маш их баяртай байна гэж уламжилсныг дамжуулья. Алтайчуудыг цэвэр усаар хангах энэ төсөл өнөөдөр бодитой эхэлж, усны шугамаа нээх гэж байна. Сүүн цацал өргөж, улаан тууз хайчлахгүйгээр шинэ маягаар зохион байгуулж байгаа нь онцлог болж байна. Говь-Алтайчууд элэг цөс дотрын өвчлөл өндөртэй,  кальци магнийн харьцаа алдагдсан байдаг нь чанарын шаардлага хангахгүй усыг өнгөрсөн 60 жил хэрэглэж ирсэнтэй нь холбоотой. Тэгвэл өнөөдөр энэ цэвэршүүлсэн сайн чанарын усаар Говь-Алтайчуудыг хангаснаараа гэр хорооллын усан хангамж сайжрах төдийгүй эрүүл мэндэд том дэвшил гарна. Үүнийг дагаад нийгэм, эдийн засгийн олон асуудалд нөлөө үзүүүлнэ. Энэ шугам  10  км тутамд таван усны цэг бий болгоно. Нийтдээ 25 усны цэг байна. Үүнийг дагаад мод тарих, фермерийн аж ахуйгаас эхлээд жимс жимсгэнэ, усалгаатай газар тариалан эрхлэх, эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх, иргэдийн амь, амьжиргааг дээшлүүлэх дэд бүтцийн том шийдэл болж байна. Ирээдүйд ус алтнаас ч үнэтэй болж магадгүй гэж уур амьсгалын өөрчлөлттэй дэлхий даяараа тэмцэж байна. Энэ үед усны ийм шийдлийг хийж байгаа нь маш чухал юм. "

 

 


 УИХ-ын гишүүн Ш. Раднаасэд:


Алтайчууд цэвэр усны асуудлаар хөгжлийн шимнэ хуудас нээж байна.

"Тайшир-Алтайн энэ төсөл  хэрэгжиж эхлээд гурван жилийн хугацаанд ингээд ашиглалтад орж байна. Алтайчуудын хувьд уснаас хамаарсан дотоод  эрүүл мэндийн асуудал хүнд байсан. 60 жилийн хугацаанд энэ гол асуудал байсан. 2018 оноос хэрэгжиж өнөөдөр ингээд ашиглалтад орж байгаад их баяртай байна. Нийт Алтайчуудын хувьд хүсэн хүлээсэн хамгийн гол ажил байсан. Австрийн засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр  хийгдсэн энэ төслийн гүйцэтгэгч олон компаниудад баярлаж байна. Алтайчууд цэвэр усны асуудлаар хөгжлийн шинэ хуудас нээж байна. Гэхдээ зөвхөн ундны усны асуудал биш, аймгийн төв, Тайшир сумын дундах 54 км авто замын дунд усалгаатай газар тариалан, фермерийн аж ахуй зэрэг устай холбоотой бүхий л аж ахуйг эрхдэх боломж бүрдэж байна. Яагаад гэвэл дундын худгуудаас ус аваад ашиглах бүрэн боломжтой болж байна. "


Холбоотой мэдээ