Герман улс вакцинжуулалтад хамрагдаагүй иргэдийнхээ эрхийг хязгаарлахаар болжээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2021-11-19 07:53:19


Өчигдөр Германы 16 мужийн засаг захиргааны тэргүүнүүдтэй уулзсан канцлер Ангела Меркель коронавирусийн тархалтыг бууруулах зорилгоор вакцинжуулалтад хамрагдаагүй иргэдийнхээ зарим эрхийг хязгаарлах тохиролцоонд хүрсэн байна.

Ингэхдээ эмнэлгийн ачаалал тодорхой түвшнээс давсан бүс нутгуудад ийм хязгаарлалт хэрэгжүүлэхээр шийдсэн байна.

Уулзалтын дараа сэтгүүлчидтэй уулзахдаа Меркель улс орныхоо цар тахлын нөхцөл байдлыг “эмгэнэлтэй” түвшинд хүрснийг хэлээд “халдвар тархалтыг бууруулах шуурхай арга хэмжээ авах” шаардлагатай байгааг учирлажээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд Германд бүртгэгдсэн халдварын шинэ тохиолдлын тоо 65,000 давсан нь цар тахал эхэлсэн цагаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон юм.

Шинэ журмын дагуу тухайн бүс нутагт сүүлийн долоо хоногийн дунджаар 100,000 хүнд ногдох хүндэрсэн Covid-19 өвчтөний тоо гурваас хэтэрсэн тохиолдолд вакцинжуулалтад хамрагдаагүй иргэдийн зарим эрхийг хязгаарлахаар болжээ.

Тухайлбал урлагийн тоглолт, ресторан, баар, спортын уралдаан тэмцээн болох газруудад зөвхөн вакцины гэрчилгээтэй хүмүүсийг нэвтрүүлэх гэх мэт.

Дээрх үзүүлэлт 6-аас хэтэрвэл “2G Plus” нэртэй дүрэм хэрэгжихээр болжээ. Энэ нь вакцины гэрчилгээтэй хүмүүсээс давхар шинжилгээний сөрөг хариу шаардах дүрэм юм.

Харин 9-өөс хэтэрсэн тохиолдолд вакцинжуулалтад хамрагдсан эсэхээс үл хамааран илүү хатуу хязгаарлалт тогтоохоор болжээ.

Үүнээс гадна эмнэлгийн болон асрамжийн газрын ажилтнуудыг заавал вакцинжуулалтад хамруулах тохиролцоонд хүрснээ канцлер Ангела Меркель мэдэгдсэн байна.

Сүүлийн үед Европын орнуудад цар тахлын нөхцөл байдал хүндэрснээс Германы эрх баригчидтай ижил төстэй хорио цээрийн арга хэмжээнүүдийг нэвтрүүлж эхлээд байгаа.

Австри улс вакцинжуулалтад хамрагдаагүй иргэдийнхээ зарим эрхийг энэ долоо хоногоос эхлэн хязгаарласан бол одоо нийтээр нь хорио цээрийн дэглэмд шилжүүлэх талаар хэлэлцэж байна. Тус улсын дээд Австри, Зальцбург мужууд ирэх Даваа гарагаас эхлэн хорио цээрийн бүрэн дэглэмд шилжихээр болжээ. 

Чех, Словак улсуудын засгийн газар өчигдөр бас вакцинжуулалтад хамрагдаагүй иргэдэд тусгайлан хорио цээрийн дэглэм хэрэгжүүлэх шийдвэр гаргасан байна.

 Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ