ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглалыг бууруулжээ

Эдийн Засаг
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-01-27 05:27:28


Олон улсын валютын сан /ОУВС/ дэлхийн эдийн засгийн энэ оны өсөлтийн урьдчилсан таамаглалыг бууруулжээ. Ингэхдээ коронавирусний “омикрон” хувилбарын тархалтыг гол хүчин зүйлээр нэрлэсэн байна.


Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвийн шинэчилсэн тайланд дурдсанаар, дэлхийн эдийн засаг 2022 онд 4.4 хувиар өсөх төлөвтэй байгаа нь нэг жилийн өмнөх урьдчилсан таамаглалаас 1.5 хувь, 10 дугаар сарынхаас 0.5 хувиар тус тус буурчээ.


Урьдчилсан таамаглалыг ийнхүү бууруулах болсныг эрчим хүчний үнэ нэмэгдсэн, инфляц өссөн, дэлхийн хамгийн том эдийн засагтай орнууд болох АНУ, БНХАУ-ын өсөлт таамаглаж байснаас илүү саарах төлөвтэй байгаатай мөн холбон тайлбарласан байна.


“Дэлхийн эдийн засаг 2022 оныг урьдчилан таамаглаж байснаас сул үзүүлэлттэйгээр угтаж байна. 11 дүгээр сарын сүүлээр “омикрон” хувилбар тархаж эхэлсэн нь эдийн засгийн сэргэлтийг хойш татах аюул учруулж байна” гэж ОУВС тайландаа онцлон тэмдэглэжээ.


ОУВС-гийн тооцоолж буйгаар, АНУ-ын эдийн засаг энэ онд 4 хувиар өсөх төлөвтэй байгаа нь 10 дугаар сарын урьдчилсан таамаглалаас 1.2 хувиар буурчээ. Тус байгууллага Ерөнхийлөгч Жо Байдены өргөн хүрээ бүхий нийгмийн бодлогын тухай хуулийн төсөл Конгресст гацаад байгааг харгалзан ийнхүү бууруулсан байна.


Мөн АНУ-ын Төв банк мөнгөний хатуу бодлого баримталж, нийлүүлэлтийн сүлжээний асуудлууд Америкийн үйлдвэрлэгчид болон бусад аж ахуй нэгжүүдэд сөргөөр нөлөөлж байгаа нь урьдчилсан таамаглалыг бууруулах хүчин зүйл болсон гэж ОУВС мэдээлжээ.


Тус байгууллага БНХАУ-ын эдийн засгийг энэ онд 4.8 хувиар өснө хэмээн таамаглаж байгаа нь өнгөрсөн оны 8.1 хувиар өсөлттэй нь харьцуулахад огцом буурсан үзүүлэлт болснсоос гадна 10 дугаар сарын урьдчилсан таамаглалаас нь нэг орчим хувиар багассан байна.


Ингэхдээ БНХАУ-ын коронавирусний цар тахалтай тэмцэх хатуу бодлого, түүнээс үүдэлтэй хөл хорио нь хувийн хэрэглээг сааруулж байгаагаас гадна үл хөдлөх хөрөнгийн салбарын нөхцөл байдлыг нь харгалзан үзжээ.


ОУВС-гийн шинэ тайланд дэлхийн бараг бүх улс орны эдийн засгийн өсөлтийн энэ оны урьдчилсан таамаглалыг бууруулсан бол Энэтхэгийн өсөлтийн хэтийн төлөвийг 0.5 хувиар өсгөж, 9 хувьд хүрнэ хэмээн таамагласан байна. 


Эх сурвалж:  VOA

Холбоотой мэдээ