У.Хүрэлсүх: Хөвсгөл нуурыг хамгаалах нь уур амьсгалын өөрчлөлтийг багасгахад Монгол Улсын оруулж буй бодит хувь нэмэр болно

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-02-23 04:56:12


Хөвсгөл нуурын эргэн тойронд дахь мөстлөгийн байдлыг ШУА-аас 1981-2000 оны хооронд судалж үзэхэд мөстлөгийн талбай 3 дахин буурчээ. Тухайлбал, 1988 онд 1.5 км квд байсан мөстлөгийн талбайн хэмжээ 0.5 км квд болон буураад байна.

Энэ бол Хөвсгөл нуурт нөлөөлж буй олон сөрөг үзэгдлийн зөвхөн экосистемийн нэг үзэгдэл юм гэдгийг ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор А.Дашцэрэн тодотгож байна. Тэрээр өнөөдөр Төрийн ордонд эхэлсэн "Хөвсгөл нуурыг хамгаалах Үндэсний чуулган”-ы “Нуурын экосистемийн хамгаалал” сэдэвт салбар хуралдаан дээр тавьсан “Хөвсгөл нуурын экосистемийн төлөв байдал”-ын илтгэлдээ ийнхүү онцоллоо.

"Хөвсгөл нуурыг хамгаалах Үндэсний чуулган” Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор болж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж байна. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү чуулганаар Хөвсгөл нуурт тулгамдсан асуудлыг тодорхойлох, цаашид хэрхэн хөгжүүлж хамгаалах талаар хэлэлцэж байна.

Чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлүсх нээж хэлэхдээ, “Монгол Улсын цэнгэг усны 76.6 хувь, дэлхийн цэнгэг усны 0.6 хувийг бүрдүүлдэг Хөвсгөл нуур бол дэлхийн хамгийн гүн бөгөөд цэнгэг устай, хоёр сая жилийн настай, нэн эртний нууруудын нэг юм. Хөвсгөл далай зөвхөн монголчууд бидний амьдралыг тэтгээд зогсохгүй, ОХУ-ын цэнгэг усны 90 хувь, дэлхийн цэнгэг усны 20 гаруй хувийг бүрдүүлдэг байгаль далайд цутган дэлхийн эко системийг тэтгэж байдаг”-ийг онцоллоо.




Хөвсгөл нуурыг хамгаалах нь Тогтвортой хөгжлийн зорилтууд болон уур амьсгалын өөрчлөлтийг багасгах, далай ээжийн нөөцийг хамгаалахад Монгол Улсын оруулж буй бодит хувь нэмэр болно .


Тэрээр, сүүлийн жилүүдэд хүний хэрэгцээ, аялал жуулчлал, нууранд живсэн автомашинууд, нуурыг түшиглэн, үйл ажиллагаа явуулж буй зарим нэг хариуцлагагүй ААН, иргэдийн зүй зохисгүй үйл ажиллагааны улмаас Хөвсгөл нуурын эко систем алдагдах аюул нүүрлэж, нуурын ус ихээр бохирдож, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх боллоо. Иймд Хөвсгөл нуурыг хамгаалах, зүй зохистой хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилж байгаа юм. Миний бие Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ 2019 онд Засгийн газрын 33 дугаар тогтоолыг батлан гаргаж, 2021-2023 онд Хөвсгөл нуур орчмын эко аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх төлөвлөгөө баталсан. Ерөнхий сайдын 2020 оны 117 дугаар захирамжаар Хөвсгөл нуурын бохирдлыг арилгах ажлын хэсэг байгуулан ажилласан нь зарим талаар үр дүнгээ өгч буйг хэллээ.

Нуурыг хамгаалах зорилгоор хийж, хэрэгжүүлж буй үй ажиллагаа нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар баталсан Тогтвортой хөгжлийн зорилтууд болон уур амьсгалын өөрчлөлтийг багасгах, далай ээжийн нөөцийг хамгаалахад Монгол Улсын оруулж буй бодит хувь нэмэр болно гэдгийг тодотголоо. Цаашид нуурыг хамгаалахад шаардагдах хөрөнгө, төсөв мөнгийг бодитоор хуваарилж, жил бүрийн орон нутгийн төсөвт тусгаж ажиллана. Мөн гадаад хамтын ажиллагааны хүрээнд нуурыг эрсдэлтэй хог хаягдлаас сэргийлэх бодит төсөл хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгож байна гэв. 


Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ