Ши Жиньпин: Орос-Украины асуудлыг яриа хэлэлцээгээр шийдэхийг Хятад улс дэмжиж байна
Улс ТөрБНХАУ-ын дарга Ши Жиньпин баасан гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьж, Украины нөхцөл байдлын талаар санал бодлоо солилцжээ.
ОХУ болон Украины хооронд үүсээд буй асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхийг Хятад улс дэмжиж байна гэж Ши Жиньпин цохон тэмдэглэсэн байна.
Сүүлийн үед Украины зүүн нутгийн байдал эрс өөрчлөгдөж, олон улсын хамтын нийгэмлэгт ихээхэн түгшүүр төрүүлж байгааг Ши Жиньпин онцлон тэмдэглээд, Хүйтэн дайны үеийн сэтгэлгээг бүрмөсөн халж, бие биенийхээ эмзэг ханддаг аюулгүй байдлын асуудлуудыг харилцан хүндэтгэж, ач холбогдол өгч, яриа хэлэлцээ хийх замаар Европын аюулгүй байдлын тэнцвэртэй, үр дүнтэй бөгөөд тогтвортой механизмыг бий болгохыг холбогдох бүх талд уриалжээ.
Бүх улс орны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, НҮБ-ын дүрэм журмыг баримтална гэсэн байр сууриа Хятад улс тууштай баримталсаар байх болно гэж Ши Жиньпин хэлсэн байна.
Тэрбээр цааш нь ярихдаа “Нийтлэг, иж бүрэн бөгөөд тогтвортой аюулгүй байдлыг хөхиүлэн дэмжиж, НҮБ төвтэй олон улсын тогтолцоо болон олон улсын хууль эрх зүйд тулгуурласан олон улсын хэм хэмжээг тууштай дэмжин олон улсынн хамтын нийгэмлэгийн бүх талтай хамтран ажиллахад Хятад улс хэзээд бэлэн байна” гэжээ.
Харин В.Путин Украины асуудлаарх түүхэн нөхцөл байдал болоод Украины зүүн нутагт явуулж буй цэргийн тусгай ажиллагааныхаа талаар Ши Жиньпинд танилцуулсан байна.
АНУ болон НАТО нь аюулгүй байдлын асуудлаарх Оросын эмзэг ханддаг, “хууль ёсны” асуудлуудыг урт хугацаанд үл ойшоож, амлалтаасаа удаа дараа буцаж, дорно зүгт цэрэг байршуулан Оросыг сорьсоор ирсэн гэж В.Путин онцлон тэмдэглэжээ.
Мөн Оросын тал Украины талтай дээд түвшний яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж тэрбээр Ши Зиньпинд хэлсэн байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ