Авлигыг уучилдагггүй ард түмэн буюу ЮнСогЁл
Улс Төр-БНСУ-ын шинэ ерөнхийлөгч-
Корона өчигдөр 320 мянга, өнөөдөр 340 мянга давсан, нас баралт өдөрт 160-д хүрч бүртгэгдсэн хүндхэн цаг үед 44.2 сая сонгогчтой БНСУ ерөнхийлөгчийн сонгуулиа 77,1 хувийн ирцтэй зохион байгууллаа. Ирэх таван жилд энэ улсыг Ард түмний хүч намаас нэр дэвшсэн ЮнСогЁл удирдах нь. Тэр ердөө 0.73 хувийн санал буюу 247 мянган сонгогчийн саналаар ялалтыг авлаа.
Монголчууд бидний хүсэл мөрөөдлөө тээн зорьдог, хөдөлмөрт суралцдаг, үр шимийг нь амьдралдаа мэдэрдэг өгөөжтэй энэ орны ерөнхийлөгчийн сонгуулийн авууштай болон олзуурхууштайг нь сийрүүлэв.
Ялагдсан тал яалт ч үгүй харамсалтай
БНСУ-ын 20 дахь ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч Ардчилсан намаас ИЖэМён, сөрөг хүчин Ард түмний хүч намаас ЮнСогЁл, эмэгтэй лидерүүдийг төлөөлж Шударга ёс намаас ШимСанЖон, ПакГинХе ерөнхийлөгчийг баривчлагдах үед намаасаа нүүр буруулан өрх тусгаарласан Ард түмний намын АнЧолСү тэргүүтэй 14 нэр дэвшигч өрсөлдлөө.
Ардчилсан намаас нэр дэвшигч ИЖэМён амьдралынхаа 10-аад жилийг ерөнхийлөгчийн сонгуульд зориулжээ. Таван жилийн өмнө одоогийн ерөнхийлөгч МүнЖэИнд нам дотроо ялагдаж сонгуулийг орхиж байсан бол энэ удаад намдаа төдийгүй улсдаа ялалтын тугаа мандуулав. Харин сөрөг хүчний нэр дэвшигч ЮнСогЁл бол БНСУ-ын Ерөнхий прокурор байсан хүн. Хоёр том намын нэр дэвшигчийн хэн нь ч ялагдсан бай гол зурамхарамсалтай. Учир нь тэд хэн нь ч нөгөөхөөсөө сөөмилүү гарч чадаагүй бөгөөд зуузай холбосон хүчтэй өрсөлдөгчид. Ялалт, ялагдал ч мөн хэдхэн сонгогчийн тоогоор тодрох учраас ялагдсан тал яалт ч үгүй гүнээ харамсалтай.
Энэ хоёр нэр дэвшигчийг хамгийн хүчтэй хэмээн сонгуулийн туршид итгэсэн ч, энэнээс хүчтэй нь АнЧолСү байлаа. Учир нь сонгуулийн туршид 11-ээс дээш хувийн рейтингэд мацаж чадаагүй ч, эн тэнцүү хоёр нэр дэвшигчид түүний энэ багахан хувийн дэмжигч ус агаар мэт хэрэг болов. Тиймдээ ч,ПакГинХе ерөнхийлөгчийн авлигын хэргээс үүдэлтэй хуваагдсан хоёр нам сонгуулийн сүүлийн мөчид эргэн нэгдэж, Засгийн газраа хамтран байгуулах тохироонд хүрчээ. Энэ нь тэднийг ялалтын тавцанд гаргав.
Өрсөлдөгчдийнхөө энэхүү нүүдэлд ИЖэМён хариу барихдаа “Улс төрийг улстөрчид хийдэг ч, үр дүнг ард түмэн гаргадаг. Би ард түмэндээ итгэж байна” гэсэн юм. Гэвчиг түүний ард парламент болон орон нутгийн удирдлагууд бүхэлдээ бат зогссон байсан нь түүний амжилтын гол хүч байлаа. Зөвхөн ерөнхийлөгч болохоор зүтгэсэн тэрээр орон нутаг болон УИХ-ын сонгуулиар хамаг хүчээ зарж, өөрийн сүлжээгээ бэхжүүлсэн хэмээгдэж байсан юм. Тэр ерөнхийлөгчийн сонгуульд ялаад ялагдлаа.
Бодлого дотор нь бид багтсан байлаа
Мэдээж, ерөнхийлөгчийн сонгуульд гадаад харилцаа, эдийн засаг, үйлдвэржилт, хөрөнгө оруулалт, корона, байгаль орчин гээд олон сэдэв хөврөх нь тодорхой. Мөн хүүхдүүд, эмэгтэйчүүд, өндөр настан гээд хүн бүрт хүргээлтэй байх нь ч ойлгомжтой. Энэ дотор бидэнд хамаатай гэмээр нэг сэдэв байсныг онцольё. Солонгос орон хүн амын хямралд өртсөн бөгөөд 2030 оноос ажиллах хүчний дутагдалд орж, өндөр настнуудынхаа нийгмийн халамжийг үүрч дийлэхгүй болох аюул нүүрлээд буй. Мөн төрөлт багассаар 2030 он гэхэд олон зуун бага сургууль, цэцэрлэг үүдээ барьж, олон мянган багшажилгүйчүүдийн эгнээ рүү явахаар тооцоо нэгэнт гарсан.
Үүнээс гарах арга замын нэг хэсэгт буурай орны эмэгтэйчүүдийг солонгос хүнтэй гэр бүл болохыг дэмжих бодлого явдаг. Тэгвэл солонгос оронд түр хугацаагаар амьдарсан, цаашдаа энэ оронд төрсөн хүүхдүүдийг “энхрийлэн хайрлах” болсон нь хүн амын бүтцийн хямралаас гарах арга замын нэг хэсэг юм. Аль ч нэр дэвшигч ялсан бай энэ оронд ажиллах хүчний дутагдлыг нөхөх, төрөлтийг нэмэгдүүлэх зэрэгт Вьетнам, Филиппин тэргүүтэй ч, цаашилбал монголчууд бидний оролцоо нэмэгдэх нь тодорхой гэж ойлгогдсон. Солонгос улс гадаад иргэдэд өдрөөс өдөрт ээлтэй болон өөрчлөгдөх болсон нь шууд утгаараа ардчилал, хүний эрхийг дээдэлсэн алхам боловчиг алсуураа магадгүй 2030 оноос эхлэх хүн амын бүтцийн хямралд бэлдэж буй нэг хэлбэр гэлтэй. Үүнийг харин хэрхэн өөртөө ашигтайгаар эргүүлэх нь манай төрийн түшээдийн ухаан мэдэх биз. Ажиллах хүчнээ ашигтайгаар илгээж, хүндээ ээлтэй болгож чадваас олон мянган өрхийн орлогыг нэмэх алтан боломж юм. Энэ мэт бидэнд хамааралтай санаа, сэдэл өгсөн сонгуулийн сурталчилгаа, мөрийн хөтөлбөр олонтаа харагдсан.
Хууль нь гууль биш
БНСУ бол хуулийг хэзээ ч гууль болгодоггүй ард түмэн. Тэд монголчуудаас ердөө тавхан жилийн өмнө буюу 1987 оноос ардчилсан сонгуулиа хийж эхэлжээ. Гэвчиг алхам тутмыг нарийвчлан тооцоолсон Сонгуулийн хуультай болохыг харлаа. Ердөө гурвыг л онцольё.
Бид Х.Баттулга, М.Энхболд ерөнхийлөгчийн сонгуулийн үед болсон мэтгэлцээнийг “Та их аядуу зөөлөн хүн..., дэлхийн эдийн засгийн хандлага, худалдааны эргэлтийн үр шимийг Монголд... гэх мэтээр элэглэн хошигнож байсан цаг саяхан. Тэгвэл 2021 оны ерөниийлөгчийн сонгуулиар АН, ХҮН-аас мэтгэлцээнд уриалсан боловч МАН-аас татгалзсан гэх мэт хэн дуртай нь, зоргоороо авирлаж болдог төдийд хандаж ирсэн.
Гэвчиг Солонгост ерөнхийлөгчид нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааны хугацаанд таваас дээш удаа мэтгэлцээнд оролцох ёстой бөгөөд нэг удаад хоёр цаг үргэлжилнэ, MBC, KBS тедевизүүд студидбайрлана гэх мэтээр Сонгуулийн хуулиндаа нарийвчлан тусгажээ. Мөн асуулт боловсруулах хороог СЕХ-ны дэргэд байгуулна. Ингэхдээ улс төр нийгэм судлаач эрдэмтэн доктор, профессор, хуульч, хүний эрхийн зүтгэлтэн, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл гэх мэтээр хэдэн хүний бүрэлдэхүүнтэйгээр хэрхэн байгуулагдахыг ч нарийвчлан заасан байх юм. Ингээд мэтгэлцээн тус бүрт сэдэв өгч, нийт нэр дэвшигчдийн дунд ижил асуулт тавигдана. Өгөгдсөн сэдвийн хүрээнд харилцан бие биедээ асуулт тавих байдлаар зохион байгуулдаг аж. Тэгш эрх хангах үүднээс хариулах цагийг мөн нарийн хуваарилна.
Дараагийн нэг том ахиц бол олон нийтийн санаа бодлын судалгааг хайр найргүй танилцуулдаг явдал. Аль нэр дэвшигчийг иргэд дэмжиж байгааг ерөнхийлөгчийн сонгуулийн явцад есөн удаа шууд зарлав. Судалгааг намууд хийх эрхгүй болгож хуульчилсан бөгөөд хамгийн том судалгааг томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд явуулдаг. Түүхэндэээнэхүү судалгаа нь үнэнээс зөрсөн удаагүй тул иргэд болон намууд эргэлзээгүй итгэдэг явдал, мөн иргэдийн санаа бодлыг төрд болон улстөрчдийн өмнө үнэнхүү хүчтэй байлгаж чаддаг зэрэг нь авууштай, суралцууштай байлаа.
Сонгууль болохоор л манай оронд замбараагүй олон самбар хөглөрдөг. Хаа дуртай газраа, хэн мөнгөтэй нь томхон зургаа байрлуулдаг. Тэгвэл энэ оронд зөвхөн заасан газарт бүх нэр дэвшигч ижил хэмжээтэй самбар байршуулдаг байна. Манайд сонгуулийн үеэр хаалга тогшоод л нэг сэтгүүл сарвайдаг. Сүүлдээ сонгогчид ч төвөгшөөж, эргээд нэр дэвшигчдээ ч үнэндээ амаргүй ажил болдог. Харин Солонгост нэр дэвшигчид сэтгүүлээ Сонгуулийн хороондоо хүлээлгэн өгч, харин СХ нь бүх нэр дэвшигчийн сэтгүүлийг нэг дугтуйнд хийгээд Шуудангаар сонгогчид хүргүүлдэг юм байна.
Хэвлэл мэдээлэл тэнцвэрээ нэг хувь ч алдаагүй
БНСУ-ын сонгуулийн эргэн тойрон дахь сонин сайхан их ч сонины хуудас хэмжээтэй тул энэ хүрээд өндөрлөе. Сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн байгууллагууд хүртэл хэрхэн тэнцвэртэй ажиллаж болдог, статистик тоог хэрхэн бүтээгдэхүүн болгон иргэдэд түгээдэг гээд сурах юм даан ч ихтэй сонгууль байлаа.
Нийт сонгогчдын 20-40 насныхан Ардчилсан намыг дэмжээгүй гэдэг статистикт үндэслээд сэтгүүлчид орон сууцны бодлогын алдаануудыг сөхнө. Учир нь Ардчилсан намын эрх барих хугацаанд орон сууцны үнэ хэтэрхий өссөн бөгөөд 20-40 насныхны мөрөөдөл зөвхөн орон сууцтай болох явдал. Эмэгтэйчүүд, тэр дундаа залуу бүсгүйчүүд сөрөг хүчинд саналаа илүү өгөх нь гэдэг статистик нь хэвлэлийнхний анхаарлыг Ард түмний хүч намын дарга ИЖүнСогийн зүг эргүүлэх жишээний. Учир нь, царайлаг, боловсролтой, орчин цагийн хүүхнүүдийн мөрөөлийн залууг намын даргаараа томилж, сонгуулийн ерөнхий мэнэжерээр ажиллуулсан нь эмэгтэйчүүдийн анхаарлыг улстөр рүү эргүүлэх хүч болсон хэмээн сэтгүүлчид үзжээ гэж хошигноход хол зөрөхгүй болов уу. Олон нийтийн санаа бодлын судалгааг үнэнээс огтхон ч зөрүүлэхгүй хийж чаддаг, түүний тоон үзүүлэлтүүдийг сэтгүүлзүйн хөдөлшгүй баримт, бүтээл болгон амилуулж хүргэдэг нь суралцууштай байлаа.
Цаашилбал, мэтгэлцээнийг зөвхөн нэр дэвшигчийнхүрээнд биш, намын удирдлагууд, бодлогын түвшний албан тушаалтнууд болоод намын дэргэдэх эмэгтэйчүүд, ахмадууд, залуучуудын байгууллагын хооронд өрнүүлэх нь сонирхолтой бас амттай байлаа.
Ийнхүү Солонгосын шинэ удирдагч тодрохтой зэрэгцээд МүнЖэИн ерөнхийлөгчийн толгойлсон Засгийн газар иргэдээсээ 46,7 хувийн сайшаал, 50,5 хувийн сөрөг үнэлгээ авснаар зодог тайлж буйг ч хэвлэлүүд мэдээллэсэн нь иргэн төвтэй сэтгүүлзүйн тод жишээ байсан юм.
Эх сурвалж: Б.Мөнхзаяа