Авлигыг уучилдаггүй ард түмэн буюу ЮнСогЕль - 2
НийгэмБидний хамгийн сайн мэддэг энэ орны ард түмэн шинэ ерөнхийлөгчөө сонголоо. Солонгосчуудын хувьд ерөнхийлөгчийн сонгууль халуун сэдэв болж байна. УИХ, орон нутагтаа үнэмлэхүй олонхи болоод байсан Ардчилсан нам энэ удаад 0.7 хувь буюу 247 мянгахан саналаар ялагдав. Ялалтын тугаа мандуулчихаад буулгасан гэхэд болно. Хэн нь ч хэнээсээ ч илүү гарч чадаагүй эн тэнцүү хоёр өрсөлдөгчийн сонгуулийн дүн санал нэгтгэгдэж дуусах мөчид л ялагч тодорсон юм. Ингээд солонгосчуудын сонголт яагаад ингэж эргэв, бид энэ сонгуулиас юунд суралцаж болох байсныг сийрүүлье.
Нам бол зөвхөн сонгуульд ялах зорилготой
Энэ үгийг солонгосын
эрдэмтэн багш нар их хэлдэг. Нийгмийн сайн сайхны төлөөх байгууллага бол улс
төрийн нам биш, энэ бол зөвхөн төрийн эрхийг авахын төлөөх зорилго дор нэгддэг
нэгдэл гэдэг.
Аль ч оронд ялагдал,
уруудал, доройтлын дараа хэн нь хэн бэ гэдгийг тодруулж, жинхэнэ төрхийг нь
илчилдэг жамтай. Тэгвэл ПакГинХэ ерөнхийлөгчийг баривчлагдах үед тухайн үед эрх
барьж асан Сэнүри нам хоёр хуваагдсан түүхтэй. ПакГинХед үнэнчүүд, түүнээс нүүр
буруулагчид гэж хэвлэлийнхэн шууд нэрлэж байлаа. Энэ гороо ч хангалттай амсаж
УИХ, орон нутаг гээд дамнан ялагдаж, олон мянган гишүүд дэмжигчээ ч алдав. Гэвч
ерөнхийлөгчийн сонгуулийн сүүлийн мөчид Ард түмний нам, Ард түмний хүч намууд
эргэн нэгдсэн нь тэднийг ийнхүү ялалтын тавцанд хүргэв. Ямар ч тохироо хийсэн
бай эргэн нэгдсэн, сонгуульд ялсан нь л чухал, энэ бол улс төр.
Энэ бүх үйл явцыг харах мөчид манай орны Ардчилсан нам Украйн, Оросын дайн, МоАХ-ны зодооноо хийгээд юун сөрөг хүчин манатай явж харагдсан эмгэнэлтэй дүр зураг гол зурав.
Сөрөг хүчин бол улс төрийн амин сүнс
Улс төр ялалт, ялагдлын
амтыг мэдрэхгүй өнгөрөх боломжгүй. Гэвчиг ялвал мөрийн хөтөлбөрөө тултал
биелүүлдэг, ялагдвал хүчирхэг дуу хоолойтой сөрөг хүчин байх үүргээс мултрах
аргагүй. Энэ л зарчмаар өнгөрсөн хугацаанд Ард түмний хүч нам олон сонгуульд
ялагдал хүлээсэн ч цөөнхийн орон зайг үргэлж хүчтэй байлгасан юм. ПакГинХе
ерөнхийлөгчийн холбогдсон авлигын хэргийн горыг бүх гишүүд нь нуруундаа үүрсэн
ч гэлээ, ямагт сөрөг хүчин сулрах ёсгүйг харуулж явлаа. Солонгосын ард түмэн ер
нь авлигыг уучилдаггүй, авлигын хэрэгт холбогдсон улстөрчдийг хэн ч бай шууд л
дуусгадаг юм билээ.
Гэвчиг эрх барьсан намууд
шуналаа дарж дийлдэггүй нь жам гэлтэй: Ардчилсан намын эрх барих үед гарсан
төрийн албан хаагчидтай холбоотой хэргүүд Ард түмний хүч намыг дахин сэргэхэд
хүргэв. Эргэн санавал, өнгөрсөн жил болсон хотын дарга нарын сонгуульд иргэдийн
санал гэнэт цэнхэрээс нүүр буруулж, улаан руу эргэсэн. Энэ нь тухайн үед Төрийн
орон сууц корпорацийн ажилтнуудын холбогдсон хэргээс үүдэлтэй. Шинэ хот барих
төлөвлөгөөнд орсон газрыг ТОСК-ын ажилтнууд нь урьдчилан худалдаж аваад
буцаагаад төрдөө асар өндөр үнээр зарсан нь илчлэгдсэн. Ингэхдээ өөрт байдаг
мэдээллээ ашиглан тухайн газарт хамгийн өндөр үнэлэгддэг мод, бутыг олон
мянгаар тарьж ургуулжээ. БНСУ-ын хуулинд газрыг үнэлж авахдаа тэнд бий ургамал,
мод, бут, ан амьтныг үнэлж, хуульд заасан нөхөн төлбөрийг төлдөг. Тэгвэл
ТОСК-ын ажилтнууд худалдан авсан газартаа хуульд заагдсан хамгийн өндөр нөхөн
төлбөр бүхий моднуудыг суулгасан байжээ.
Ийм замаар их хэмжээний мөнгө угаасан явдал нь хотын
даргын суудлыг сөрөг хүчинд буюу Ард түмний хүч намд өгсөн юм. Энэ хэргийн
горыг ерөнхийлөгчийн сонгуулиар ч Ардчилсан нам амсана, Солонгосын ард түмэн
авлигыг уучилдаггүй хэмээн шуугьж байсан нь үнэн байлаа. Ийнхүү тэр хэргээс
эхлэлтэй ялагдлын мөр ерөнхийлөгчийн сонгууль хүртэл үргэлжлэв. Прокурор
байхдаа нэр нөлөө бүхий томчуудын авлигын хэргийг илчлэхэд голлох үүрэгтэй
ажилласан ЮнСогЁлийг иргэд үнэний дуу хоолой гэж бодсон нь ч түүнд том оноо
авчирсан байх.
Энэ мөчид манай монгол оронд Хөгжлийн банкны хэрэг шуугиан тарьсан боловч ямар нэгэн үр дүн гарсангүй. Яагаад ч юм төр нь төрөөсөө авсан зээлүүдийг хэн ч сөхсөнгүй.
Хэргийг жижиг, том гэж ялгадаггүй
Сонгуульд АН 0.7 хувь буюу
247 мянгахан сонгогчоор ялагдсан гэлээ. Энэ сонгуулиар нэр дэвшигчдийн гэр
бүлийн гишүүд их хэрэгт садаа болсон юм. ИЖэМён нэр дэвшигчийн хүүтэй холбоотой
мөрийтэй тоглоомын хэргийн мэдээ тархаж сонгуулийн турш түүний хувьд эмзэг
сэдэв болов. Хэдэнтээ ард түмнээсээ уучлал гуйгаад уярсангүй. Үүнээс залгаад
түүний эхнэр хэргийн эзэн болов.
Түүний эхнэр нөхрийнхөө албан хэрэгцээнд зориулсан карт буюу байгууллагын карт ашиглан дэлгүүр, ресторанд тооцоо хийжээ. Энэ нь хэдийгээр тэр тэрбумын хэрэг биш ч гэлээ жирийн дундаж иргэний халаасан дахь мөнгөтэй харьцуулахад асуудалтай байлаа. Албаны мөнгийг гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан, байгууллагын карт эхнэрийн халаасанд орсон явдал солонгосчуудын үнэнхүү дургүйг хүргэжээ. Энэ явдлаас үүдэлтэйгээр 247 мянга байтугай сонгогчоо алдсан нь ялагдлын нэг шалтгаан болж, ИЖэМён амьдралынхаа 10-аад жилийг зориулсан ерөнхийлөгчийн суудлаа алдав. Энэ мөчид бидний монголчууд ямар сул, дорой хяналтгүй байдаг талаархи бодол эрхгүй гол зурсан билээ. Солонгосын ард түмэн төр дэх дээдсүүдийг хууль бусаар нэг удаа хоол идэхийг ч үзэж чаддаггүй аж.
Хүний нөөцийн давалгаа буюу шинэ итгэл
Аль ч оронд улстөрж
ужгирдаг, ялзардаг. Манай оронд өнөөдөр хамгийн сонгодог жишээ Ардчилсан нам
дээр ид буцалж байгаа. Тэгвэл бид шинэчлэгдсэн гэдэг итгэл төрүүлэх зэвсэг нь
боловсон хүчний давалгаа аж. Ард түмний хүч нам шинэчлэлийн салхийг үнэртүүлэх
зорилгоор сонгуулийн бэлтгэл ажлын босгон дээр ИЖүнСог гэдэг цоо шинэ залууг
намын даргаар томилов. Орчин цагийн залуусын мөрөөдлийн хүн буюу Харвард
төгссөн, өндөр боловсролтой, царайлаг, нуруулаг залууг өмнөө барьсан нь тэдэнд
хангалттай бамбай болж чадсан. ИЖүнСог мэдээж жулдсан, туршлага дутсан, 52 сая хүн амтай БНСУ-ын
хэмжээнд арай багадсан нь үнэн. Гэвчиг хууччуул тайзны ард үлдэж, тэр залууг
индэрт зогсоох нь иргэдэд шинэчлэл мэдрүүлэх, улс төр огт сонирхдоггүй
залуучуудын анхаарлыг татах зорилготой байлаа. Кпоп од шиг төрхтэй энэ залуу ялагдсан
намын бамбай болж жагсаалын урд баатарлагаар зогссоор ямартай ч, ялалтад
хүргэв.
Харин манай Ардчилсан нам 30 жилийн өмнөх лидерүүдийнхээ цүнх баригч төдий явсаар, живсээр. Тэд ах нарын өмнөөс дуугарч чадсангүй, зүрхэлсэн ч үгүй.
Олон нийтийн санаа бодлоос айдаг улс төртэй
Солонгосын сонгуулийн үеэр
олон нийтийн санаа бодлын судалгааг хайр найргүй зарладаг онцлогтой. Гайхалтай
нь түүхэндээ хэзээ ч үнэнээс зөрж байгаагүй гэдэг шүү. Саяын сонгуулиар ч мөн
ялагч ердөө 0,6 хувийн зөрүүгээр тодорно хэмээн зарласан нь үнэнд нийцэж хоёр
өрсөлдөгчийн хооронд 0,7 хувийн л зөрүү гарсан нь олон нийтийн санаа бодлын
судалгааг нүцгэн үнэн гэж батлав. Сонгуулийн хуулиндаа Олон нийтийн санаа
бодлын судалгааг хэн, хэзээ, хэрхэн хийх талаар нарийвчлан тусгажээ. Дүнг мөн
хэн, хэзээ, хэрхэн танилцуулах нь ч зохицуулалттай. Энэ судалгаа ялагдаж яваа
талд улам хүнд ачаа болдог нь зовлонтой юм шиг авч, улстөрчдийг иргэдээс
үнэнхүү айдаг болгодог үр дүнтэй. Төрд үнэнийг хүргэж өгдөг том зэвсэг аж.
БНСУ бол олон нийтийн санаа бодлын Бүгд Найрамдах улс гэж номноос уншсан энэ л өгүүлбэр үнэнийг ямар гайхалтайгаар дэлгэж болдгийг харуулав. Харин монгол улсад энэ үүргийг ямар ч хуульзүйн зохицуулалтгүй, үнэнээс хол хөндий фэйсбүүкийн троллууд гүйцэтгэж яваа.
Эцэст нь,
Төрийн албаны дарга нар
Солонгос руу томилолт томилгоо авахаараа голж, гомдоллодог гэнэ лээ. Харин
мянга мянган жирийн иргэд энэ оронд ирж, амьдралаа дээшлүүлэхийн хүслэн болж
амьдардаг. Олон монголчууд хүсэл мөрөөдлөө тээж ирээд, хөдөлмөрт суралцаж, үр
дүнг нь амьдралдаа мэдэрдэг өгөөжтэй орон. Хэдэн мянган оюутны сургалтын
төлбөр, цалингийн зээлийг төлж, олон ч гэр бүлийн орон сууцтай болох мөрөөдлийг
биелүүлж, авхаалжтай нэгнийх нь бизнесийн суурийг тавьж өгдөг газар бол БНСУ.
Манай улсын ерөнхийлөгч хүртэл солонгост ажилладаг эгчийнх нь явуулсан 38 тэрбум төгрөгийг хадгаламжиндаа байлгадаг гэж
хошигноод байсан биз дээ.
Улс төрийг хэдийгээр улстөрчид хийдэг ч гэлээ, үр дүнг Ард түмэн гаргадаг гэж ИЖэМёны хэлсэн үгийг иш татаад нийтлэлээ өндөрлөе. Солонгост ирж гурван сар ажиллахыг хүсдэг монголчууд биш эх орондоо Солонгост юм шиг амьдрах боломжийн төлөө шударга ёсыг шаардах үүрэг үлдлээ бидэнд.